УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх БОАЖ-ын сайдын мэдээллийг сонссон.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
“Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор таван зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын уялдааг хангах, бусад салбаруудын оролцоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах боломжийг бүрдүүлсэн. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсон” гэсэн юм.
Үүний дараа салбарын сайд өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлшийг хэрэглэхтэй холбоотой хийгдсэн ажлууд хийгээд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудаа тайлагнасан юм. Улмаар энэ онд авах арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 53 тэрбум төгрөг зарцуулах аж.
Уг мөнгийг сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадлыг 600 мянган тонноор нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн агаарт ялгарах бохирдлыг багасгах, аймгуудын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, дулааны эх үүсвэрт нь утаа шүүх шүүлтүүр тавих ажлуудад оруулах юм байна.
Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мониторингийн сүлжээг сайжруулах, мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг ч танилцууллаа. Ингэж “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгасан цогц арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсний үр дүнд ирэх 2021 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахад чиглэж байгаа юм байна.
“Нийтийн тээвэрт явж буй автобуснуудын 80 хувь нь “насжилт өндөр”-тэй. Эдгээрт бүрэн шаталтыг дэмжих, ялгаруулж буй хорт нэгдлийн хэмжээг бууруулах төхөөрөмжийг 2019 онд тавьсан. Үүний үр дүнд тодорхой үр дүн гарсан. Нийслэлд өдөрт 480 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол 200 гаруй яндангаас утаа гардаг. Өөрөөр хэлбэл, бохирдол “үйлдвэрлэж” буй тээврийн хэрэгслийн тоо яндангаасаа 2.3 дахин их.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан, чанартай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Эрүүл, аюулгүй орчныг бий болгох, эрсдлийг бууруулахын тулд нийтээрээ хариуцлагатай байж, шат шатны стандартаа өндөрсгөх шаардлагатай” гэж хариулж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.