Умард ба Өмнөд Солонгосын хил дээр байдаг зэвсэггүйжүүлсэн бүсэд буудалцаан болсон талаар эх сурвалж мэдээлжээ. Өмнөд Солонгосын армийн мэдэгдсэнээр Умардын талаас хилийн төв суурин Чёрвон дахь харуулын пост руу эхэлж гал нээсэн байна. Үүний дараа Өмнөдийн тал хариу гал нээж, анхааруулга дохио илгээжээ.
Хоёр Солонгосын дунд байдаг зэвсэггүйжүүлсэн бүсэд буудалцаан гарах нь тун ховор тохиолдол юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн үгэндээ Умард Солонгосын талаас санаатай бус санамсаргүй тохиолдлоор гал алдсан байж магадгүй гэжээ.
Энэ хооронд Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагаар буудалцаан санамсаргүй тохиолдлоор гарсан гэдэгтэй Засгийн газар санал нийлж буйг мэдээлжээ. Буудалцааны улмаас хүн бэртэж гэмтээгүй, цэрэг армийнхан байрлалаа шилжүүлээгүй гэжээ.
Хамгийн сүүлд 2017 онд Умардын тал Өмнөд рүү гал нээж байжээ. 1953 онд Солонгосын дайны дараа байгуулсан зэвсэггүйжүүлсэн бүсийг энх тайвны бүс болгох гэрээ хэлэлцээрийг 2018 онд болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар тохирсон байдаг.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун гурван долоо хоногийн турш олон нийтийн өмнө гаралгүй байж байгаад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт төрийн мэдлийн сувгаараа эсэн мэнд гэдгээ харуулсан юм. Түүнийг удаан хугацаанд олны өмнө гараагүйгээс амь нас, эрүүл мэндтэй нь холбоотой олон төрлийн цуу яриа газар авч байсан билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Al hedii garch bsan shdee