Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлд хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойно байрлах Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатарын хөшөөний баруун талд авто зам тавьснаар тус хөшөөний хадгалалт, хамгаалалт алдагдаж, эрсдэл учирч болзошгүй болсон тул Удирдлагын академийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны баруун хойд хэсэгт зүүн зүгт харуулж байршуулан, орчныг тохижуулах асуудлыг дэмжлээ.
Ардчилсан хувьсгалын түүхийг илтгэх "Цагаан морин жил" мозайкийг "Эко констракшн" компанийнхан дөрвөн сарын өмнө буулгасан. Өөр газар шилжүүлнэ гэсэн мэдээллийг холбогдох газруудад нь өгсөн байдаг. Тэгвэл өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Энхтайваны өргөн чөлөөнд “Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг байршуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Тус бүтээл нь Улаанбаатар хотод цөөхөн үлдсэн шигтгэмэл урлалын бүтээл тул ийнхүү Төв шуудангийн замын урд талд байршуулж, Нийслэлийн Өмчид бүртгэхийг дэмжсэн юм.
Уг бүтээлийг туурвисан ахмад зураач, уран барималч, сийлбэрч агсан Ш.Галсандорж нь 1962 онд Урчуудын эвлэлд элсэн орж байсан нэгэн бөгөөд 10 гаруй музейн ажилд гар бие оролцжээ. Тэрээр 1996 онд МУИС-ийн урд байрлах Х.Чойбалсан агсаны хөшөөг сэргээн засварлаж байгаад гэмтэл авсан бөгөөд удалгүй харвалт өгснөөр баруун гараараа зураг зурах боломжгүй болсон ч бууж өгөлгүй, зүүн гараараа зургаа зурж байсан, сэтгэлийн хаттай нэгэн байсан аж. Түүний үр хүүхдүүд нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн гэсэн мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.