Болливудын нэрт жүжигчин Ирфан Хан нойр булчирхайн хорт хавдраар 53 насандаа таалал төгссөн талаар эх сурвалжууд мэдээлсний дараахан дахин нэг алдартан хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэтхэгийн хайр дурлалын сэдэвтэй кинонуудад романтик дүрээрээ мөнхөрсөн 67 настай Риши Капур цусны цагаан эсийн хавдраар таалал төгссөн байна.
Капур Болливудад өөрийн эзэнт гүрнийг байгуулж чадсан гавьяатай. 1973 онд “Бобби” өсвөр насны хосын хайр дурлалын кинонд анхны гол дүрээ бүтээж Энэтхэгийн кино ертөнцөд цахиур хагалсан юм. Үүнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд олон арван кинонд дурлалт залуугийн дүр бүтээж Энэтхэгийн ард түмний хайртай жүжигчин болжээ.
Риши Капур хүүхэд байхдаа аав Раж Капурынхаа найруулсан Мера Наам Жокер кинонд дүр бүтээж байжээ. Хүүхэд байхаасаа жүжиглэхээс гадна бүжиглэх, дуулах авьяасаараа олноос тодорсон юм. Жүжигчин Ниту Сингхтэй гэр бүл зохиож дэлгэцийн алдартай хосуудын нэг болж, тэдний хүү Ранбир Капур одоо ч Болливудад амжилттай жүжиглэж байна. Мөн авга Шаши Капур, Амитаб Баччан нартай хамтран ажиллаж байв.
Гэр бүлээрээ Болливудад эзэнт гүрнээ босгож чадсан Риши Капур 2018 онд цусны цагаан эсийг хорт хавдраа оношлуулж, жилийн хугацаанд Нью-Йоркод эмчлүүлсний дараа өнгөрсөн есдүгээр сард эх орондоо эргэн иржээ. Лхагва гарагийн өглөө амьсгал нь хүндэрч эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Нэрт уран бүтээлч Риши Капур тайван нойрссон гэдгийг гэр бүлийнхэн нь олон нийтэд мэдэгджээ. Уг мэдээ Ирфан Ханыг таалал төгссөн тухай мэдээлснээс хэдхэн цагийн дараа олон нийтэд хүрч Болливудын ертөнц гүн эмгэнэлд автлаа.
Урлаг соёл, улс төрийн зүтгэлтнүүд хоёр алдартны таалал төгссөн явдалд гүн эмгэнэлээ илэрхийлсээр байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.