АНУ-ын кино академи энэ жилийн “Оскар” кино наадамд нэрээ дэвшүүлэх кинонд тавих шаардлагаа зөөллөсөн байна. Тодруулбал, оны шилдэг киног шалгаруулдаг энэ нэр хүндтэй наадмын түүхэнд анх удаа онлайнаар үзүүлэх кинонууд өрсөлдөхөөр болжээ.
Кино академиас энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь коронавирусын улмаас кино театруудыг хаасантай холбоотой аж. Энэ талаар кино академийн ерөнхийлөгч Давид Рубин, ерөнхий захирал Даун Худсон нар “Кино театрт гайхамшигтай кинонуудыг үзэхээс илүү сайхан зүйл байхгүй гэж бат итгэж байна. Бидний энэ бодол өөрчлөгдөхгүй. Гэхдээ энэ цар тахал нь кино академийн зүгээс шагнал олгодог дүрэм журманд түр хугацаагаар өөрчлөлт оруулахыг шаардаж байна” гэв. Энэ өөрчлөлт нь зөвхөн ирэх жилийн хоёрдугаар сарын 28-нд Лос-Анжелес хотод зохион байгуулахаар төлөвлөсөн 93 дахь удаагийн “Оскар” кино наадамд хүчинтэй байх аж. Харин кино театрууд дахин ажиллаж эхлэхээр цуцлах юм байна. Кино наадамд кино театруудад нээлтээ хийх боломжгүй болсон болон зөвхөн онлайнаар гарсан кинонууд оролцож болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.