Норвеги улсын чинээлэг эрхмүүдийн нэг Том Хагеныг эхнэр Анн-Элизабет Хагены амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Анн-Элизабет ор сураггүй болоод жил хагасын хугацаа өнгөрчээ.
Чинээлэг саятны өмгөөлөгч үл хөдлөх хөрөнгө, эрчим хүчний салбарын бизнес эрхлэгч хэрэгт холбогдолгүй гэдгийг мэдэгдсэн байна.
69 настай Анн-Элизабет 2018 оны 10 дугаар сард сураггүй алга болжээ. Гэр бүлийнх нь хэлснээр түүнийг барьцаалсан этгээдүүд мөнгө нэхсэн гэжээ. Гэвч мягмар гарагт Норвегийн цагдаа нар түүний нөхөр 70 настай Хагеныг эхнэрээ хөнөөсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж баривчилсан байна.
Хатагтай Хагеныг сураггүй болсон талаарх мэдээллийг аюулгүй байдлын үүднээс нууцалж байгаад хамгийн анх 2019 оны нэгдүгээр сард олон нийтэд хүргэжээ. Гэмт хэрэг маш бага гардаг дэлхийн хамгийн амар тайван улсуудын нэг Норвегийн оршин суугчдыг ихээхэн цочирдуулсан юм.
Цагдаа нар хатагтай Хаген хулгайлагдаагүй, бусдын гарт амиа алдсан ба нөхөр нь түүнийг хороосон гэдгийг батлах нотлох баримт хангалттай олдсон гэжээ. Санхүүгийн асуудлаас болж аллагыг сайтар зохион байгуулсан тул хэрэгт өөр хүмүүс холбоотой байж болзошгүй гэж цагдаа нар сэжиглэж байна.
Хуулийн дагуу Хагеныг дөрвөн долоо хоногийн турш саатуулах юм байна. Түүний цэвэр хөрөнгийг 200 сая ам.доллар гэж Норвегийн Капитал эдийн засгийн сэтгүүлд дурджээ. Эхнэр нь түүний компанид удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.