Малайзад амьдарч байсан монгол эмэгтэйчүүд хүчиндүүлсэн хэрэг гарсан. Тодруулбал, тус улсын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч манай улсын хоёр эмэгтэйг саатуулан, улмаар зочид буудалд хорьж, хүчиндсэн хэргийн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө болсон юм. Малайзын цагдаагийн албан хаагч эмэгтэйчүүдийг зочид буудалд хүчээр оруулан, 24 цагийн турш хорьсон гэдэг. Уг хэргийг Малайзад амьдардаг нэгэн монгол бүсгүй цагдаагийн газарт мэдээлжээ.
Петалинг Жаяа хотын цагдаагийн газар хэргийн мөрөөр шалгаж, хэрэг гарснаас хойш 24 цагийн дараа зочид буудлаас 20, 33 настай хоёр монгол эмэгтэйг сулласан байна. Дараа нь хэргийг үйлдсэн 30 орчим насны цагдаагийн албан хаагчийг өөр газраас баривчилсан аж. Харин баривчлагдсан цагдаа хэргийг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлээд байгаа гэнэ. Хохирогч эмэгтэйчүүд малайз, англи аль ч хэлээр харилцаж чадахгүй байсан тул тэдний найзаар орчуулуулан мэдүүлэг авчээ. Шалгалтын дүнд тухайн эмэгтэйчүүд тус улсад хууль бусаар амьдардаг нь тогтоогдсон гэнэ. Энэ талаар тус улсын Петалинг Жаяа хотын цагдаагийн төлөөлөгч Ник Эзане Мохд Файсал мэдээлэхдээ “Эмэгтэйчүүд зочид буудалд бусдын эрхэнд байсан. Мөн хэргийн газраас нэмэлт нотолгоо илрүүлэхээр шинжээчид зочид буудалд ажилласан” гэжээ.
Урьдчилсан мөрдлөгөөр хохирогч эмэгтэйчүүд визний зөрчилтэй, ёс бус үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон байна. Гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн ажилтныг дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн тав хоног саатуулж, Малайз Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүчингийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ хэргийн шалгалт хэрхэн өрнөж байгаа талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч н.Төмөрбаатараас тодруулахад “Малайзад манай улсаас суугаа Элчин сайд байхгүй учраас Тайландад хамаардаг. Малайз дахь Монгол Улсын өргөмжит консул Рейнольдс Аугустин хохирогч эмэгтэйчүүдэд туслуулахаар Thomas Philip Advocates&Solicitors хуулийн фирмийг хөлсөлсөн тухай мэдээлсэн.
Тэгээд хүчирхийлэлд өртсөн хоёр эмэгтэйг өмгөөлүүлж байгаа. Хэргийн шүүх хурал удахгүй товлогдоно гэсэн. Хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл Малайзын талаас байнга ирж байгаа. Коронавирусийн улмаас хэрэг шийдэгдэх нь бага зэрэг удаашралтай байгаа. Гэхдээ энэ нь гэмт хэрэг учраас хуулийн хүрээнд шалгаж, хэрэгтэнд хариуцлагыг нь үүрүүлэхээр ажиллаж байна. Тухайн эмэгтэйчүүдийн биеийн байдал ямар байгаа талаар би сайн мэдэхгүй. Хохирогчдын ар гэрийнхэн нь өргөдөл, гомдол гаргасан эсэхийг Консулын газраас асуух хэрэгтэй. Мөн хэрэг шалгагдаж байгаа учраас нарийн мэдээлэл алга” гэв. Дээрх хуулийн фирм нь хохирогч болсон хоёр эмэгтэйгээс гадна гэмт хэргийг цагдаад анх мэдэгдсэн өөр гурван монгол эмэгтэйд хууль эрх зүйн тусламж үзүүлэхээр болсон гэнэ. Зөвхөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна олон улсын нислэг нээгдмэгц таван эмэгтэйг нутаг буцахад нь туслахаар болжээ.
Д.Чанцалдулам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.