Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг “Хил Хязгааргүй Сурвалжлагчид” байгууллага 2002 оноос хойш жил бүр танилцуулж байна. Тэгвэл 2020 оны индексийг гаргажээ. Норвеги улс дөрөв дэх жилдээ индексийг тэргүүлсэн бол Финлянд энэ жил аман хүзүүдсэн байна. Түүний араас Дани, Швед, Нидерланд бичигдлээ. Индексийг төгсгөлөөс нь харвал, Хойд Солонгос, Туркменистан, Эритри сүүл мушгижээ. Бүсчлэн үзвэл, Европ тив хэвлэлийн эрх чөлөөнд хамгийн таатай тив хэвээр байна. АНУ болон Бразил хэвлэл мэдээлэлд дайсагнасан байдлаараа жишиг орнууд болж буй ч Америк тивудаах байрт бичигджээ. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 180 орноос 73-т жагсчээ.
Дэлгэрэнгүй судалгааг танилцуулж байна.
“Коронавирусын улмаас асуудал нь гүнзгийрсэн сэтгүүл зүй шийдвэрлэх шинэ арвантай золгож байна”
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас нэгтгэн гаргаж буй 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс харвал сэтгүүл зүйн ирээдүйг шийдвэрлэх шинэ арвантай золгож байна. Цаашилбал, хараат бус, олон ургалч, найдвартай мэдээлэл хэвлэн нийтлэхэд халтай олон асуудлууд Ковид-19 цар тахлын үеэр улам хүчийг авч тодрон гарч ирлээ.
Дэлхийн 180 улс, бүс нутгийн сэтгүүлчдийн нөхцөл байдалд жил тутам үнэлгээ хийдэг энэхүү индексийн 2020 оны хувилбараас харвал сэтгүүл зүйн ирээдүйд нөлөөлөх олон хямралууд давхцаж буй учраас ирэх арван жил нь хэвлэлийн эрх чөлөөнд амин чухалд тооцогдох цаг үе болж байна: геополитикийн хямрал (авторитар дэглэмүүдийн харгислалаас улбаатай), технологийн хямрал (ардчилсан баталгаа дутмаг болсноос улбаалж), ардчилсан хямрал (хэт туйлширсан болон дарангуйллын бодлогоос улбаалж), итгэлийн хямрал (хэвлэл мэдээллийг сэжиглэж, тэднийг үзэн ядах байдлаас улбаалж), эдийн засгийн хямрал (чанартай сэтгүүл зүйн үгүйрэл).
Дэлхий нийтийн эрүүл мэндийн хямралын улмаас улам гүнзгийрч буй дээрх таван салбарын хямралын нөлөөллийг индекс боловсруулах аргачлалын тусламжтай тооцоолох боломж бүрдсэн юм.
“Бид сэтгүүл зүйн ирээдүйд нөлөөлөх хямрал бүхий шийдвэрлэх шинэ арвантай золгож байна” хэмээн Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар хэлсэн юм. Мөн тэрбээр “Коронавирусийн цар тахал нь үнэн мэдээлэл хүлээж авах эрхэд заналхийлж буй сөрөг хүчин зүйлсийг ил болгосны зэрэгцээ өөрөө дордуулагч хүчин зүйл болж байна. 2030 он гэхэд мэдээллийн эрх чөлөө, олон ургалч, сэтгүүл зүйд итгэх байдал ямар байх вэ? Эдгээрийн хариулт нь өнөөдөр тодорхой болж байна” гэлээ
Индекс дэх орнуудын эрэмбэ ба коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг далимдуулан хэвлэлийн эрх чөлөөг дарангуйлах явдал нь хоорондоо харилцан хамааралтай болохыг тодоор харж болно. Хятад (177-рт) болон Иран (3-аар ухарч 173-рт) улс нь коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг маш өргөн хүрээнд цензурдсан. Харин Иракийн (6-аар ухарч 162-рт) эрх мэдэлтнүүд коронавирусийн халдварын албан ёсны тоонд шүүмжлэлтэй хандсан сурвалжлага бэлтгэснийх нь төлөө Reuters-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван сарын хугацаанд цуцаллаа. Европт л гэхэд Унгарын (2 байр ухарч 89-рт) ерөнхий сайд Виктор Орбан “коронавирус”-ийн тухай хууль баталснаар хуурамч мэдээ түгээсэн этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял оноохоор болсон нь үйлдэлд ахадсан арга хэмжээ юм.
“Нийтийн эрүүл мэндийн хямрал нь авторитари засгийн газруудад муу нэрээр алдаршсан “шокийн зарчим”-аа хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Ингэснээр тэд олон нийтийн цочрол, улс төрийн зогсонги байдал, эсэргүүцэл илэрхийлэх ямар ч боломжгүй нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж энгийн үед хэзээ ч бүтэшгүй арга хэмжээнүүдийг авч эхэлдэг” хэмээн эрхэм Делуар онцолсны зэрэгцээ “Шийдвэрлэх энэ арван жилийг хөнөөлгүй байлгахын тулд сайхан сэтгэлт хүн та хэн ч бай сэтгүүлчдийг нийгмийн итгэлийг даасан гуравдагч хүчний үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх боломжоор хангах кампанит аянд нэгдэх ёстой. Товчхондоо сэтгүүлчид үүргээ биелүүлэх боломжоор заавал хангагдах байх ёстой” гэдгийг онцолсон юм.
2020 оны индексийн үндсэн илэрцүүд
Норвеги улс дөрөв дэх жилдээ индексийг тэргүүлсэн бол Финлянд мөн л энэ жил аман хүзүүдэж байна. Тэднийг Дани улс (2 байр ахиж 3-рт) удаалсан бол кибер-дарамт нэмэгдсэн гэсэн үндэслэлээр Швед (1 байр ухарч 4-рт) болон Нидерланд (1 байр ухарч 5-рт) улс тус тус ухарч бичигдлээ. Индексийг төгсгөлөөс нь харвал, Хойд Солонгос (1 байр ухарч 180-рт) улс ухарч Туркменистаны байрыг эзэлснээр хамгийн сүүлд бичигдэж, Африкийн орнуудаас Эритри (178-рт) улс хамгийн муу үзүүлэлттэй нь хэвээр байна.
2020 оны индексийн эрэмбээр хамгийн том ахиц үзүүлсэн орнууд нь Малайз (101-рт) болон Мальдив (79-рт) улс байсан ба 22 болон 19 байраар тус тус урагшилсан нь сонгуулийн санал хураалтын ачаар засгийн газартаа сэлгээ хийсний эерэг үр дүн байв. Гэнэтийн ахицаараа тэдний араас бичигдэж буй дараагийн улс бол Омар аль-Башарын дэглэмд төгсгөл тавьснаар 16 байраар урагшилж эрэмбэлэгдсэн Судан (159-рт) байлаа. Ухралтаараа тэргүүлсэн орнуудын жагсаалтыг Гайти улс 21 байраар ухарч 83-рт бичигдсэнээр манлайлж байна. Өнгөрсөн хоёр жилийн турш тус улсад үргэлжилж буй үндэстний хэмжээний харгис эсэргүүцлийн тэмцлийн үеэр сэтгүүлчид бай болсоор байгаа юм. Уналтаараа Гайтигийн араас бичигдэж буй хоёр улс бол хэвлэлийн эрх чөлөөнд халдах явдал нэмэгдэх болсон Коморос (19 байр ухарч 75-рт) болон Бенин (17 байр ухарч 113-рт) байв.
Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний түвшинг хэмждэг “дэлхийн индикатор” 2020 онд үл ялиг буюу 0.9 хувиар өслөө. Гэвч энэхүү хэмжүүр бий болсон цагаас хойш буюу 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх үзүүлэлт нийт 13 хувиар буураад байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт цагаанаар буюу хэвлэлийн эрх чөлөө “сайн” орнуудын эзлэх хэмжээ огт өөрчлөгдөлгүй найман хувьд хадгалагдсан бол хар өнгөөр тэмдэглэгдсэн буюу нөхцөл байдал “маш муу” орны тоо хоёр хувиар нэмэгдэж нийт газрын зургийн 18 хувийг эзлэх боллоо.
Индекс бүс бүсээрээ
Европын Холбооны болон Балканы зарим орнуудын бодлогыг эс тооцвол Европ нь хэвлэлийн эрх чөлөөнд хамгийн таатай тив хэвээр байна. Бүсийн хүнд жингийн тоглогчид болох АНУ болон Бразил хэвлэл мэдээлэлд дайсагнасан байдлаараа жишиг орнууд болж буй ч Америк тив (Хойд, Төв, Өмнөд) удаах байрт бичигдэж байна. Харин 3-рт бичигдэж буй бүс нутаг болох Африк тивийн хувьд юу юунаас илүүтэйгээр дур зоргоороо баривчлах явдал болон цахим халдлагын улмаас хойш ухарсаар байна.
Хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн оноо нь хамгийн ихээр буюу 1.7 хувиар нэмэгдсэн бүс нутаг нь Ази-Номхон далай байв. Бүсийн хэмжээнд загвар болж байсан Австралийн (5 байр ухарч 26-рт) хувьд мэдээллийн нууц эх сурвалж болон эрэн сурвалжлах сэтгүүл зүйд учруулж буй хөнөөлөөрөө тодорхойлогддог болж байна. Үүнээс гадна бүсийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн оноо өсөхөд хувь нэмрээ оруулсан хоёр улс бий. Тэдний нэг болох Сингапурын (158-рт) хувьд Жорж Орвеллын зохиолд гардагтай адилтгахуйц “хуурамч мэдээ”-ний тухай хууль баталснаар долоон байр ухарч хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт хар өнгөөр тэмдэглэгдэх боллоо. Нөгөө бүс нутаг нь ардчиллын төлөөх бүх нийтийн жасгаалын үеэр сэтгүүлчдэд ёс бусаар хандасныхаа улмаас долоон байр ухарсан Хонконг байлаа.
Бүсийн хэмжээний үнэлгээгээр Зүүн Европ/Төв Ази сүүлээсээ хоёрдугаарт бичигдсэн хэвээр байгаа бол Ойрх Дорнод болон Хойд Африкийн нь сэтгүүлчдийн хувьд хамгийн хөнөөлтэй бүс хэвээр байна. Алжир (5 байр ухарч 146-рт) дахь RSF-ийн сурвалжлагчийг хорьсон явдал нь зарим орны эрх мэдэлтнүүд Ковид-19 цар тахлыг далимдуулан хараат бус сэтгүүлчдээс хэрхэн хариугаа авч буйн илэрхийлэл боллоо.
Геополитикийн хямрал
Дарангуйлагч удирдагчид, авторитари эсвэл популист дэглэмүүд мэдээллийг дарангуйлж, хараат бус, олон ургалч сэтгүүл зүйгүй ертөнцийг бий болгох алсын хараагаа хэрэгжүүлэхэд бүхнээ зориулж байна. Үүний улмаас онцгойлж үзэх ёстой нэг зүйл нь геополитикийн хямрал болж байна. “Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ дэг”-ийг бий болгохоор оролдож буй Хятад улс нь мэдээллийн хэт-хяналтын системээ хадгалсан хэвээр байгаа ч энэ нь коронавирусээс улбаатай олон нийтийн эрүүл мэндийн хямралын үеэр ямар сөрөг нөлөөтэй болохоо дэлхий дахинд нотолсон билээ. Хятад, Саудын Араб (2 байр ахиж 170-рт) болон Египет улс (3 байр ухарч 166-рт) нь хамгийн олон сэтгүүлчийг хорьсон орнуудад тооцогдож байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ (149рт) нь цахим орчин дахь мэдээллийг хянах зорилгоор ахисан түвшний нөөц бололцоо ашиглаж эхэлсэн бол Энэтхэгт (2 байр ухарч 142-рт) Кашмирын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн цахим хөл хориог тогтоолоо. Мөн Египетэд “хуурамч мэдээ” нийтэлсэн гэх үндэслэлээр вебсайт, цахим хуудаснуудын хандалтыг хааж, зөвшөөрлүүдийг нь цуцалж байна.
Технологийн хямрал
Цахимжин даяарчлагдсан харилцаа холбооны эрин үед зөв зохицуулалт дутмаг явдал нь мэдээллийн үймээнийг бий болгож байна. Суртал ухуулга, сурталчилгаа, цуу яриа, сэтгүүл зүй нь шууд утгаараа хоорондоо өрсөлдөж байна. Сурталчилгааны, улс төрийн болон редакцийн контентыг үл ялгах төөрөгдөл нь үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний ардчилсан баталгааг сулруулсаар байна. Энэ нь нэг талаараа хуурамч мэдээний тархалтыг хязгаарлана гэсэн шалтгаар хараат бус, шүүмжлэлт сэтгүүл зүйг нухчин дарахуйц хөнөөлт хуулиуд батлагдах явдлыг өөгшүүлсээр байна.
Тухайлбал, Сингапур, Бенин улс нь анхандаа хуурамч мэдээлэл, кибер гэмт хэрэгтэй тэмцэх зорилго бүхий шинэ хууль баталсан ч энэ нь мэдээлэл түгээх эрх чөлөөг дур зоргоороо хязгаарлахад ашиглагдах өндөр магадлалтай болж байна. Цар тахал нь цуу яриа, хуурамч мэдээний тархалтыг улам нэмэгдүүлэх болсон нь вирус мэт түгэх болов. ОХУ, Энэтхэг, Филиппин (2-р байр ухарч 136-рт), Вьетнам (175-рт) дахь төрийн тролл армиуд нь нийгмийн сүлжээний орчинд хуурамч мэдээллийг зэвсэг болгон ашиглаж байна.
Ардчилсан хямрал
Үүнээс өмнөх хоёр удаагийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст тусгагдсан сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн үзэн ядалт, дайсагнасан байдлаас үүдэлтэй хямрал энэ жил улам хүндэрсэн байдалтай байна. Үүнээс шалтгаалж улам хэрцгий хэлбэрийг олж, сэтгүүлчийн биед халдлах байдал олширч буйн зэрэгцээ зарим орнуудад урьд өмнө үзэгдэж байгаагүй түгшүүрт байдал үүслээ. Төрийн эрх баригчид болон тэдэнтэй ойр нөхдүүд сэтгүүлчдийг үзэн ядах явдлыг нээлттэйгээр өдөөсөн хэвээр байна. Ардчилсан сонгуулиар төрийн эрхэнд гарсан хоёр улсын ерөнхийлөгчид болох АНУ-ын (3 байр ахиж 45-рт) ерөнхийлөгч Дональд Трамп, Бразилын (2 байр ухарч 107-рт) ерөнхийлөгч Жаир Болсонару нар нь тус бүрийн улсдаа хэвлэл мэдээллийг гүтгэн гутааж, сэтгүүлчдийг үзэн ядах явдлыг өөгшүүлсээр байгаа. Бразилын удирдагчийг тойрон хүрээлэх “үзэн ядагчдын танхим” нь засгийн газрын нууцыг дэлгэсэн сэтгүүлчдийн эсрэг өргөн хүрээний цахим халдлага зохион байгуулдаг болов. Ерөнхийлөгч Болсонару ч коронавирусийн тахал эхэлсэн цагаас хойш хэвлэл мэдээллийн эсрэг дайралтаа өргөжүүлж “үймээн самуун” нийгмийн цочиролд тэднийг буруутгасаар байна.
Итгэлийн хямрал
Худал баримтаар дүүрсэн мэдээ хэвлэн нийтэлж, өргөн нэвтрүүлгээр цацаж байна гэсэн үндэслэлээр хэвлэл мэдээлэлд үл итгэх байдал улам гаарсаар байна. Институциудад итгэх иргэдийн итгэлийг судалдаг Еделманы итгэлийн барометрээр олон улсын судалгаанд оролцсон нийт иргэдийн 57 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээндээ найдваргүй эх сурвалж ашигладаг гэж үздэг болохоо илэрхийлсэн байна. Итгэлийн хямрал нүүрлэсний улмаас дэлхийн зарим хэсэгт өрнөсөн томоохон цар хүрээтэй гудамжны жагсаалуудын үеэр иргэдийн уур хилэнд сэтгүүлчид өртөх болов. Тухайлбал, Ирак, Ливан (1 байр ухарч 102-рт), Чили (5 байр ухарч 51-рт), Боливи (1 байр ухарч 114-рт), Эквадор (1 байр ухарч 98-рт) болон Францад (2 байр ухарч 32-рт) болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр үйлдсэн цагдаа нарын хүчирхийллийн золиос нь сэтгүүлчид болж байлаа. Улам нэмэгдэж буй өөр нэгэн илэрхий үзэгдэл бол үндэстний эсвэл хэт барууны үзэлтэй идэвхтэнүүдийн группүүд сэтгүүлчдийг ил тодоор бай болгох байдал юм. Энэ үйл явдал Испани (29-рт), Австри (2 байр ухарч 18-рт), Итали (2 байр ухарч 41-рт), Грект (65-рт) гарах болсон. Афганистан (1 байр ухарч 112-рт) дахь Талибууд, Мьянмар (1 байр ухарч 139-рт) дахь зарим Буддын фундаменталистууд нь өөрсдийн ертөнцийг харах үзлээ хэвлэл мэдээлэлд тулгахын тулд хүчирхийлэл ашиглахдаа огтхон ч санаа зовж буй зүйл алга.
Эдийн засгийн хямрал
Олон оронд цахим шилжилт хэвлэл мэдээллийг өвдөг дээр нь сөхрүүлж байна. Агшиж буй борлуулалт, сурталчилгааны орлогын уналт болон үйлдвэрлэл, түгээлтийн зардлын өсөлтөөс шалтгаалан хямралд өртөж байна. Эдгээрээс илүүтэй түүхий эдийн үнийн өсөлтийн улмаас хэвлэл мэдээллийн байгууллагууд бүтцийн шинэчлэл хийж сэтгүүлчдээ цомхотгож эхэллээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд л гэхэд АНУ-ын хэвлэлийн салбарын нийт ажлын байрны тоо хоёр дахин цөөрсөн юм. Энэ нь дэлхий дахин дахь хэвлэл мэдээллийн редакцийн эрх чөлөөнд нөлөөлөхийн зэрэгцээ нийгмийн хэмжээний үр дагавар дагуулж байна. Эдийн засгийн хувьд эмзэг байдалд байгаа сонинуудын хувьд дарамтыг тэсвэрлэх байдал сул байх нь ойлгомжтой юм.
Мөн эдийн засгийн хямрал нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цөөн эздийн гарт төвлөрөх байдлыг нэмэгдүүлж буй ба үүнээс илүүтэйгээр сэтгүүл зүйн олон ургалч, хараат бус байдалд заналхийлэхүйц сонирхлын зөрчлийг үүсгэж байна.
Чехийн хамгийн чинээлэг тэрбумтан Төв Европын Медиа Интерпрайзиз буюу CME-ийг худалдаж авсан нь CME-гийн эзэмшил бүхий ТВ сувгууд байршдаг Зүүн Европын орнуудад сэрэмжлэх дохио болов. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрөл Аргентин болон Азид мөн ажиглагдах болсон. Японд (1 байр ахиж 66-рт) л гэхэд “Кэйрицу” буюу бизнесийн эрх ашгаа ямагт эхэнд тавьдаг томоохон конгломератад багтах хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд эздийнхээ хүчтэй нөлөөлөлд оршиж байна. Тайвань (1 байр ухарч 43-рт) болон Тонгагийн (5 байр ухарч 50-рт) хувьд ашиг олох зорилго нь бүхнээс дээгүүр тавигдах болсноор хэвлэл мэдээллүүд ихээр туйлширч, сенсаци хөөх байдлыг өөгшүүлж байгаа нь үл итгэлцлийг гүнзгийрүүлж, олон нийтийн итгэлийн хямралыг улам гааруулж байна.
Индексийг хэрхэн бэлтгэдэг тухайд
Дэлхийн 180 улсын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг тогтоодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг Хил Хязгааргүй Сурвалжлагчид байгууллага 2002 оноос хойш жил бүр танилцуулж байна. Индексийн хэмжүүрт олон ургалч байдал, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, өөрийн цензур, эрх зүйн орчин, ил тод байдал, мэдээ, мэдээлэл бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг дэд бүтцийн чанар зэрэг багтана. Индексээр аливаа засгийн газрын бодлогод үнэлгээ хийдэггүй болно. Дэлхийн болон бүсийн индикаторуудыг тооцоолоход орон бүрийн оноог суурь болгодог. Харин тухайн орны оноог дэлхийн дахинаа 20 орны хэл дээр бэлтгэгддэг асуулгад өгсөн мэргэжилтнүүдийн хариултыг чанарын дүн шинжилгээний дэмжлэгтэйгээр бодож гаргадаг. Аливаа хязгаарлалт, зөрчлүүдийг оноогоор тооцох бөгөөд оноо өсөх тусам нөхцөл байдал муудаж буйг илтгэнэ. Индексийн талаарх ойлголт өсөн нэмэгдэж буй нь үүнийг туйлын хэрэгтэй нөлөөллийн хэрэгсэл болгож байна.
Т.САЙХАН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.