Нэр хугарахаар яс хугар гэдэг үгийн бодит биелэл болсон нэгэн тохиолдол саяхан Япон улсад болжээ.
Сендай хотын хууль зүйн товчооны нэгэн ажилтныг ресторанаас гурван бортого нунтаг улаан чинжүү хулгайлсан хэргээр зургаан сарын турш ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарчээ.
Сендай хотын нэгэн зуушны газар өнгөрсөн сарын 24-ний өдөр бортоготой нунтаг улаан чинжүү нь хулгайлагдсаныг анзааран, цагдаад мэдэгдсэн байна. Ингээд Сендай Чуогийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд байцаалт авах үеэр хуулийн товчооны ажилтан, 50 настай эрэгтэй хэргээ хүлээжээ.
Тэрээр нэгээс гуравдугаар сар хүртэлх хугацаанд нийт гурван бортого нунтаг чинжүү хулгайлсан бөгөөд эдгээр нь 1,848 иен буюу 18 орчим ам.доллараар үнэлэгдэж байна. Тэрээр өмнө нь ажлынхандаа "Би хоолондоо нунтаг чинжүү цацаж идэх дуртай" гэж хэлж байжээ.
Хуулийн товчооны захирал "Бид ажилчдын сургалт, зааварчилгааг бэхжүүлж, итгэлцлийг сэргээхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргах болно" гэсэн тайлбар хийв.
Харин хэрэгт холбогдсон уг ажилтан түдгэлзүүлэх шийдвэр гарсан өдөр сайн дураараа тэтгэвэртээ гарчээ.
Эх сурвалж: The Mainichi
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.