Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 орчим хоногийн турш олон нийтийн өмнө гараагүй нь түүний бие эрүүл мэнд, амь настай холбоотой янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байгаа. Энэ сарын 11-ний өдрийн улс төрийн товчооны хуралдаанаас хойш удирдагчийн нэг ширхэг зургийг ч төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаагүй боловч түүний мэдэгдлийг дамжуулсан юм.
АНУ болон БНСУ-ын албаны хүмүүс Ким Жон Уныг эсэн мэнд гэж үзэж байгаа бөгөөд коронавирусийн тархалтаас хоргодож, өөрийгөө тусгаарлаж байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүллээ. Умард Солонгос нь БНХАУ-тай хил залгаа оршдог хамгийн ойрын холбоотон хэдий ч өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын тохиолдол одоог хүртэл бүртгэгдээгүй.
Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яамны сайд Ким Ён Чулийн хэлснээр Умард Солонгос улсад одоогоор ямар нэг сэжигтэй үйлдэл ажиглагдаагүй, урьд өмнө олон нийтийн арга хэмжээ, ойн баярыг алхасч байгаагүй ч энэ удаа коронавирусийн тархалтаас сэргийлж тэмдэглэлт өдрүүдийг цуцалсан байх магадлалтай. Мөн Кимийг зүрхний хагалгаанд орсон, бие нь муу байгаа гэдэг бол ташаа мэдээлэл гэдгийг нэмж хэлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Кимийн гэр бүлийн галт тэрэг Вонсанд хэд хэдэн удаа очсоныг хиймэл дагуулын зурагнаас ажигласан нь түүнийг тэнд бүгж буй гэсэн таамаглалтай хамгийн ойр тусч байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Умард Солонгосыг хариуцсан төлөөлөгч Эдвин Сальвадорын мэдэгдсэнээр тус улсад энэ сарын 17-ны өдөр 740 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх хариу сөрөг гарчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээс хойш Умардад 25,000 хүнийг тусгаарлаж сулласан тухай Сальвадор мэдээлэв.
Харин Осакад төвтэй Asia Press сайтын захирал Жиро Ишимару Ким өөрийгөө тусгаарлаж байгаа нь коронавирусийн халдвар Умард Солонгосын нутаг дэвсгэрт илэрснийг гэрчилж байна гэж үзжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тийм арчаагүй гэж бодохгүй байна