Коронавирусийн дэгдэлтээс үүдэж иргэдээ эрсдлээс хамгаалах үүднээс Засгийн газраас долоон төрлийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлээс хэрхэн чөлөөлөгдөх, ажилгүйдлийн даатгалын сангаас хэрхэн дэмжлэг үзүүлэх журмыг танилцуулж байна
Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар өглөө. Тэд өчигдөр буюу 2020-04-28-ны өдөр хуралдаж, хуулийг хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, нэгдсэн заавар зөвлөгөө удирдамжаар хангаж ажиллахаар тохиролцжээ.
ХНХ-ийн сайд С.Чинзориг "Дөрөвдүгээр сарын 01-ээс аравдугаар сарын 01 хүртэл ажилчдад дэмжлэг үзүүлэх, НДШ-ээс чөлөөлөх хууль батлагдсан. Энэ хүрээнд ТББ, хувийн хэвшлийн ажилчид НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөгдөнө. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН, төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулийн ажилчид НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөгдөнө.
Дараах хоёр зүйл дээр эздийн байгууллага, МҮХАҮТ, засгийн газар ойлголцолд хүрлээ.
Нэгдүгээрт, Дээрх бүх ААНБ-ын үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэж ойлгоно.
Хоёрдугаарт, Ажилтныг ямар нэг гэрээгээр ажиллуулж л байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж үзнэ.
Энэ хуулийн дагуу сайн дураар даатгуулагчийн сарын төлөх төлбөр 56 700 төгрөгөөс чөлөөлөгдөнө. ААНБ, иргэний 2020-04-01 ээс 10-01 хүртэл урьдчилан төлсөн НДШ-ийг буцаан олгох журам гаргалаа.
ААНБ-ууд сар бүрийн тайлангаа дараа сарын 05-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг уламжлалийн дагуу тайлангаа цахимаар ирүүлсэн байх учиртай. Энэ тайланг үндэслэж НДШ-ээс чөлөөлөгдөнө.
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин "Хориг арга хэмжээ авсанаас хойш 100 хоног өнгөрчээ. Манай танхим бизнес эрхлэгчдийнхээ дунд 7-8 судалгаа хийсэн. Коронавирусийн хүндрэлээс хэрхэн хамтдаа гарах вэ гэдэг санал гаргаж Засгийн газарт саналаа хүргүүлсэн. НДШ-ээс чөлөөлөх шийдвэр бол маш том дэмжлэг. Хувийн хэвшлээ ямар нэг байдлаар ялгаварлахгүйгээр нэгдсэн байр суурьт хүрлээ" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.
-НДШ-ээс чөлөөлөх журам гарсан ч хэрэгжүүлэх тал дээр НДЕГ өөр тайлбар өгөөд байна. Яг ямар байгууллага НДШ-ээс чөлөөлөгдөх вэ?
-Үйл ажиллагаа нь доголдож, боруулалтын орлого буурч байгаа гэж үзээд бүх хувийн хэвшлийн ААНБ-ыг НДШ-ээс бүрэн чөлөөлнө. Өөрөөр хэлбэл орлого нь нэмэгдсэн ч хамаагүй бүх хувийн хэвшлийн ААНБ НДШ-ээс чөлөөлөгдөнө. Ажлын байр хадгалж байгаа гэдэг ойлголтыг нэгтгээд тухайн ажилтныг хөдөлмөрийн болоод ажил олгох гэрээгээр ажиллуулж л байгаа бол ажлын байраа хадгалж байна гэж үзнэ. Дөрөвдүгээр сарын хөдөлмөрийн гэрээг үндэслэж хөнгөлөлт үзүүлнэ.
Ямар нэг байгууллагыг ашигтай ажилласан байна гэдгээр нь ялгаварлаж НДШ-ээс чөлөөлөхгүй гэж ойлгож болохгүй. Үүссэн нөхцөл байдлаас хамаарч ялгамжтай хандахгүй. Улсын хэмжээний 1,1 сая ажилчдын 200 мянга орчим нь төсвөөс цалинждаг. Дахин 50-60 аад мянга нь төрийн болоод төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилладаг. Өөрөөр хэлбэл нийт ажилчдын 75 хувь нь НДШ-ээс чөлөөлөгдөж байгаа гэсэн үг. Үлдэж байгаа 25 хувь хуулийн үйлчлэлд хамаарахгүй төрийн өмчит газарт ажиллаж байгаа иргэд юм.
-НДШ-ийн өртэй ААНБ хамрагдах болохгүй юм уу?
-Онцгой нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагааны хэвийн байдал алдагдсан гэж үзнэ. Өмнө нь өртэй байсан эсэх хамаагүй, бүгд хамрагдана. Харин нь өр дээр нь хүү торгууль ногдуулахгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо л зөв ойлголттой болж байна.