Өр тавьсан худалдан авагч, өрийн данс хөтөлсөн худалдагчийн амьдрал яг адилхан хэцүү байна
Үсээ илж, халаасаа байн, байн ухаж, ямар нэгэн зүйл хайж зогссон эмэгтэй “Мөнгө дутчихлаа. Та үлдсэнийг нь биччих. Би удахгүй, ирэх сарын 5-ны цалингаасаа өгье” гэж итгэл муутайхан, нүд нь бүлтгэнэн зогсоно. Харин түүний өдөөс 60 орчим насны худалдагч эмэгтэй “Өмнөх өртэй чинь нийлээд, 17 мянга боллоо шүү. Удаахгүй өгөөрэй” гэв. Эл яриа Сонгинохайрхан дүүргийн I хороо Толгойтын эцсийн хүнсний жижигхэн мухлагт өрнөсөн юм.
Өнөөх эмэгтэйгийн авсан зүйлийг харвал, 40 граммын цаасан ууттай ургамлын тос, талласан байцаа, хоёр ширхэг лууван, 500 грамм орчим төмс, зангидсан гарын хэртэй мах, хагас килограмм будаа байлаа. Энэ бүх зүйлийнх нь үнэ 5650 төгрөг. Харин эмэгтэй худалдаж авсан барааныхаа 1900 төгрөг төлж, үлдсэнийг нь өрийн дэвтэрт бичүүлээд, гарч одлоо. Дэлгүүрийн хаалгаар гараад, тав алхсангүй буцаж орж ирээд “Та 1000 төгрөгт сахар өгөөч. Хэдэн хүүхэддээ гамбир хайрч өгсөн чинь бас сахар нэхээд байх юм” хэмээн хаалганаас лангуу хүртэл учирласаар алхана.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж , хөл хорио тогтоосонтой холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсож, хүнд байдалд оржээ. Гэр хорооллын захын дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүсээс “Амьдрал хэр байна. Коронавирусийн улмаас орлого тань тасалдсан уу” хэмээн асуух төдийд л “Амьдрал хэцүү байна. Ажил зогссон. Өдрийн орлого гэх юм алга” хэмээх гурван өгүүлбэрийг ам уралдан хариулах аж.
ӨДРӨӨС ӨДӨРТ ЗУЗААРСАН ӨРИЙН ДЭВТРИЙН ЖАГСААЛТЫГ БЭЛЭН ГОЙМОН ТЭРГҮҮЛЖЭЭ
Толгойтын эцсийн мухар гудамжинд 16 жил хүнсний мухлаг ажиллуулан, амьдралаа залгуулж буй бүсгүйг Т.Амармөрөн гэдэг. Түүний зургаан нэрийн хүнсний мухлагийнх нь үйлчлүүлэгчдийн олонх нь хүүхдүүд гэнэ. Тэрбээр “Томчууд нь өр тавьж, багачууд өр бичүүлэх цаас барьж гүйдэг манай дэлгүүрийн орлого тун муудсан” хэмээсээр өдрөөс өдөрт зузаарсаар байгаа өрийн дэвтрээ дэлгэв. “Тээр хар даа, гурван сард би арай л их зээл өгчихжээ. Одоо үүнийгээ цуглуулах гэж үсээ зулгаахаас наагуур юм болно.
Хүмүүс авсан шигээ өгнө гэж байхгүй. Хуруу, хумсаа мэрж, худлаа үнэн хэлж авчихаад, өрөө төлөхгүй. Хэдэн төгрөгтэй болохоороо хажуугийн дэлгүүр рүү буюу өр бичүүлээгүй газар руугаа гүйгээд байдаг юм” гэв. Тэрбээр “Атар” талх, “Дахуван”, “Ролтон” бэлэн гоймон, төмс, лууван, байцаа, сонгино, будаа, сахар, ариун цэврийн хэрэгсэл зэрэг ахуйн барааг дэлгүүрийнхээ нэг талын лангуун дээр ярайтал өржээ.
Т.Амармөрөн “ Манай дэлгүүрт ширхэглэж, таллахгүй юм гэж байхгүй. Ургамлын тос хүртэл граммладаг байж байгаад, сүүлдээ 40 граммын савлагаатай 500 төгрөгийн үнэтэй тос зардаг болсон. Том савтай тос граммлахгүй гэж хэрэндээ хичээгээд ч нэмэр байхгүй. 1200 төгрөгийн үнэтэй 180 грамм тос зарахад хүртэл авч чадахгүй айл энэ хавиар олон бий. Уг нь нэг литрийн тос нь хамгийн дээд тал нь 4100 төгрөг гэдэг юм. Үүнийг авч чадахгүй улс яаж тэр “Олейна” “Руссо” зэрэг үнэтэй тосыг авч чадах билээ гээд зардаггүй. Манай дэлгүүрийн хамгийн эрэлттэй бараа нь 600 төгрөгийн үнэтэй бэлэн гоймон. Өдрийн цагаар хүүхдүүд ганц, ганц бэлэн гоймон, талх авч идээд, орой эцэг, эх нь атга мах, хагас килограмм будаа, гоймон, багахан ногоо аваад хоолоо хийдэг. Манай энэ хавийнхан уг нь дайвар бүтээгдэхүүн их авдаг байсан юм. Гэтэл дайвар бүтээгдэхүүн олдохоо больсон. Өглөө эрт л махны захад очихгүй бол онгойсноос, нэг цагийн дараа л тэр нь дуусчихдаг. Их эрэлттэй байдаг болсон байна лээ. Тэгэхээр мах нь үнэтэйдээд бэлэн гоймонгоор л өдрийг аргацааж, орой нь нэг хоолтой залгаж байх шиг байгаа юм. Коронавирусийн улмаас иргэдийн олонх нь ажилгүй гэртээ суух болсон. Үнэтэй бараа зараад хэрэг байхгүй ээ. Гарахгүй, эргэлтгүй, мөнгө түгжээд байдаг юм. Майонез, загас, хиам, тараг, үнэтэй гурилан боовнууд бараг зарагдахгүй шүү дээ. 10 уут боов аваад, долоо хоногийн дараа дахиад бараа татахад, 1-2 нь байж л байдаг болсон. Ажил нь зогсож, орлогогүй болсон гэр хорооллынхон ч энэ жил ёстой үгээ хэлж байна аа. Өрийн дэвтрийн маань жагсаалтад бэлэн гоймон хамгийн эрэлттэй зарагдсан байна, сая харсан чинь.
Гэхдээ бас гэр хороололд дутагдах, гачигдах зүйлгүй, хангалуун амьдарч байгаа айл ч бий. Тэд аягүй бол томоохон дэлгүүрүүдээс хүнсээ бэлдчихдэг биз дээ. Өвлийн цагт дэлгүүрийн орлого эрс муудаж, хүмүүс түлээ, нүүрсэндээ мөнгөө зарцуулдаг юм. Харин урин дулаан болохоор орлого арай нэмэгдэнэ. Гэтэл энэ хавар ёстой өөдөлсөнгүй. 08:00-22:00 цаг хүртэл гөлийтөл суугаад, 120-130 мянган төгрөг л олж байна даа. Олсон орлогоны 10 мянган төгрөг нь цэвэр ашиг шүү дээ. Уг нь өнгөрсөн жилүүдэд 200 мянгаас дээш л орлоготой байдаг байсан” хэмээв. Биднийг ийн ярилцаж байх зуур түүний дэлгүүрээр арав гаруй хүн үйлчлүүлсний тал нь зээл тавихаар зорьж ирснээ хэлж чадахгүй, хий дэмий л холхих нь илт.
Сумын дэлгүүр шиг биесээ таньдаг болсон нэг хороо, хэсгийнхэн үг хэлгүйгээр нэгнийхээ нүднээс өр тавих гэж явааг мэддэг болжээ. Худалдагчийн ярианаас энэ хавийнхны амьдрал ямар байгаа нь тодхон харагдана. Захын гэр хорооллын нэг дэлгүүрт л ороход дээрх дүр зураг ажиглагдана. Зарим нь дансандаа хадгалсан хэдэн зуун сая төгрөгөө мартаад, гэнэт санаж байхад, зарим нь халаасандаа байхгүй 500 төгрөгөө эрж, хайж, ид шидээр бий болчихоосой хэмээн залбирч зогсох нь юутай уйтай. Өр тавьсан худалдан авагч, өрийн дэвтэр хөтөлсөн худалдагчийн амьдрал яг үнэндээ адилхан байна. Худалдан авагч нь өрөө төлөхгүй бол жижигхэн дэлгүүрүүд дампуурахад бэлэн болжээ.
“ДОЛОО ХОНОГТ НЭГ ҮСЭЭ ЗАСУУЛДАГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ 14-30 ХОНОГИЙН ДАРАА ИРЭХ БОЛСОН”
“Тулга” хүнсний дэлгүүрээс хүнсний зүйл худалдаж авсан эмэгтэй ийн ярив. “Би суудал түрээсэлж, үсчин ажиллуулдаг. Коронавирустэй холбоотойгоор миний орлого 50 хувиар буурсан. Долоо хоног болгон үсээ засуулдаг байсан үйлчлүүлэгч маань 1430 хоногийн дараа ирэх болсон болохоор арга ч үгүй биз дээ. Цэцэрлэг, сургууль орохгүй болохоор хүүхдүүдээ хүн гуйж харуулдаг байсан. Гэтэл тэр хүндээ ч автобус, унааны мөнгө өгч чадахгүй болохоор нь гэртээ 14:00 цаг гээд л ирдэг боллоо. Манайх гэрийнхээ сарын хүнсийг 200-250 мянган төгрөгт бэлддэг.
Уг нь бөөнд нь хүнсээ бэлдчихээр амар байдаг юм. Гэтэл одоо түрээсээ ч төлж чадахгүй болсон болохоор өдөр, өдөрт нь хүнсээ авч байна” гэв. Мөн “Заримдаа ээмэг, бөгжөө барьцаалж, хоол хүнснийхээ зүйлийг авах өдөр ч олон. Нөхөр маань машин засварын газарт ажилладаг юм. Бас л орлого нь муудсан. Хөл хориотой болохоор хүмүүс гэртээ байгаад, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байх шиг байна. Манайх ч бас гайгүй орлоготойдоо орно. Хоёулаа багахан ч гэсэн өдрийн орлоготой. Харин манай хажуу талын айл хэцүүдэж байх шиг байна. Тэднийх заримдаа худгаас ундны усаа авах мөнгөгүй байдаг. Энэ хавийн айлууд ер нь бүгд ийм дээ. Өр тавихгүй, бичүүлэхгүй газар гэж байхгүй. Ямартаа л худагт өр бичүүлж байх вэ дээ. Ард, иргэдийнх нь амьдрал туйлдаж байхад дээдсүүд нь мэддэг ч юм уу, бүү мэд” гэлээ. Бид тус газраас хамгийн ойрхон орших худаг руу хөдлөв.
УНДНЫХАА УСЫГ АВАХДАА ӨР ТАВЬДАГ БОЛЖЭЭ
Дээрх бүсгүйн ярьсан зүйлийг усны түгээгчээс тодруулахад “Манай худгийн энэ салбар өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон. Энэ хавиар айл цөөхөн байдаг. Өнжөөд таван тонн ус зардаг юм. Өдрийн 2500 төгрөгийн орлоготой гэсэн үг. Заримдаа хоёр тонн ус ч зарахгүй үе бий. Нэг өдөр нь хүмүүс усаа сайн аваад, дараагийн өдөр нь авахгүй өнждөг. Бидний орлого муудсан ч юм байхгүй л дээ. Угаасаа л ийм байсан. Харин хүмүүс сүүлийн үед усныхаа мөнгийг “Дараа нь өгье” гэдэг болсон. Гэхдээ яах вэ, өнжөөд ус авахдаа заримдаа мөнгөө өгдөг л дөө. Өгөхгүй алга болдог айл ч бий” гэв.
Ажилгүй болсон иргэдийн зарим нь уух усныхаа мөнгийг төлж чадахгүй, амь тэмцэж байна. “Өвчингүй бол болно доо” гэх үгээр сэтгэлээ хуурч, өрөнд идэгдэх нь ээ. Иргэд өвчинөөр биш, өлсөж үхэх цаг ирэх юм биш биз гэх бодол гол зурна. Сонгуульд нэр дэвших 100 сая төгрөгөө халаасаа тэмтрэхгүйгээр өгч байхад сонгогчид тань сонгуулиас өмнө нь өлдөж мэдэх нь ээ, эрхэм гишүүд ээ. Монголчуудын амьдрал туйлдаж, модоо барихад бэлэн боллоо. Моодноос гарсан сонгуулийн сурталчилгаагаа зогсоож, мохож буй иргэдийнхээ төлөө ядаж боддог болоосой. “Хог” дээр гарсан иргэдээ хоолтой нь залгуулах ажлын байр бий болгохгүй бол болохгүй нь ээ.
Д.Чанцалдулам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.