Дэлхийн түүхэнд “Ковид-19” цар тахал шиг тавхан сарын хугацаанд 213 орныг хамарч тархсан гамшиг урьд өмнө тохиолдож байгаагүй. Коронавирусийн анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод анх 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нд бүртгэгдсэнээс хойш өдгөө халдвартай хүний тоо гурван саяд хүрч, 921 мянган хүн эдгэрч, 211 мянган хүн нас бараад байна. Тэгвэл Монголын Шинжлэх ухааны академиас “Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага” нэртэй судалгааны товхимол гаргасан байна.
Ингэхдээ БНХАУ, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ, БНСВУ, Казахстан Улс дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг даван туулах талаар авч хэрэгжүүлж байгаа алхмуудыг онцолжээ. Бид дээрх товхимлоос дэлхийн орнууд коронавирустэй хэрхэн тэмцэж байгааг тоймлон хүргэж байна.
БНХАУ-д таван төрлийн вакцин судалж байна
Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш сарын дараа Хятадын тал олон нийтэд “27 хүн өвчилсөн, өвчин хүнээс хүнд халдварладаг талаар нотлогдоогүй” хэмээн мэдээлсэн байдаг. Энэ үед Бээжингээс арга хэмжээ аваагүй бөгөөд орон нутгийн удирдлагууд коронавирусийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж, цаг хугацаа алдсанаар өвчний тархалт хяналтаас гарсан юм. Харин нэгдүгээр сарын 20-нд Си Жиньпин коронавирусийн эсрэг авах арга хэмжээний талаарх тушаал гаргаж, БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас коронавирусийг албан ёсоор хүнээс хүнд халдварладаг болохыг мэдээлсэн.
Үүний дараа Ухань хотыг хааж тусгаарлаж, халдварт өвчинтэй тэмцэх удирдах комиссыг байгуулжээ. Харин хоёрдугаар сарын 10-наас үе шаттайгаар үйлдвэрлэлийг сэргээж, тархалтыг хяналтдаа оруулсан талаар мэдэгдэв. Үүнээс сарын дараа Си Жиньпин Ухань хотод очиж ажиллаж, БНХАУ өвчний нөхцөл байдлыг дотооддоо тогтоон барьж чадсанаа баталсан. Ийн 76 өдрийн турш хаалттай байсан Ухань хотын хориог дөрөвдүгээр сарын 8-нд цуцалсан. Өдгөө БНХАУ-д таван төрлийн вакциныг судалж байгаа бөгөөд аденовирус тээгч вакцинны судалгаа хамгийн сайн хийгдэж, хүний биед туршигдаж байна. Гэхдээ энэ нь одоо шууд вакциныг бүрэн ашиглаж эхэлнэ гэсэн үг биш. Клиник туршилт гурван үе шаттай явагддаг, хамгийн багадаа нэг жил шаардагдах аж.
БНХАУ бонд гаргах, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, мөнгөний уян хатан бодлого хэрэгжүүлэх, тусгайлсан зээлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, үйлдвэрлэлийн зээл олгох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Олон улсын валютын сан 2020 онд дэлхийн эдийн засаг гурван хувиар буурах бол БНХАУ-ын эдийн засаг 1.2, 2021 онд 9.2 хувиар өснө гэж таамаглажээ. Гэхдээ энэ таамаглал нь 2020 оны сүүлийн хагаст цар тахлыг бүрэн хяналтдаа оруулсан тохиолдолд биелнэ гэдгийг онцолсон.
ОХУ-д эмч, эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай байна
ОХУ-ын иргэн цар тахлаар халдварласан анхны тохиолдлыг албан ёсоор гуравдугаар сарын 1 гэж бүртгэжээ. Москвагийн бүс нутагт халдварлагсдын тоо огцом нэмэгдэж байгаагаас үүдэн гуравдугаар сарын 25-нд Ерөнхийлөгч В.В.Путин коронавирусийн халдварын тархалттай тэмцэх зорилгоор ажлын бус өдрүүдийг зарлаж, дэмжлэг шаардлагатай хүмүүс, хүүхэдтэй гэр бүл, ахмад дайчдад үзүүлэх халамж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах зэрэг анхан шатны арга хэмжээ авсан.
Гэсэн хэдий ч улс оронд нөхцөл улам хүндэрсээр байгаа бөгөөд Засгийн газар онцгой байдал зарлаж, улмаар дөрөвдүгээр сарыг дуустал хөл хорио тогтоогоод байна. Мөн дөрөвдүгээр сарын сүүл гэхэд эмнэлгүүдэд бусад зориулалтаар ашиглагдаж байсан оруудыг өөрчлөн зохион байгуулж, нэмж 95 мянга гаруй орыг коронавирусийн цар тахлаар өвчлөгсдөд зориулан бэлдэхээр болжээ. Цаашид эмч мэргэжилтэн, эмнэлгийн ор, хамгаалах хэрэгслүүд, амьсгалын аппарат, эм, тест гээд бүгд дутагдахаар байна. Иймээс эмнэлгийн ор бэлдэхэд 33 тэрбум, амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, бусад тоног төхөөрөмж, хэрэгсэлд зориулж 13 тэрбум, эмч ажилчдад зориулж 10 тэрбум рубль гаргахаар шийдвэрлэсэн байна. Хорио цээрээс болж ОХУ-ын эдийн засаг хямралд орж, үйлдвэрлэл, тээвэр, бизнес зогссон.
АНУ дахь ажилгүйдэл дээд түвшинд хүрлээ
Вашингтон мужид нэгдүгээр сарын 19-нд 35 настай эрэгтэй анх халдвар авснаар энэ өвчин АНУ-д анх бүртгэгдсэн. Тус улсад саяхныг хүртэл хүмүүс маск зүүхгүй, тоомжиргүй хандаснаар дэлхийн хамгийн том халдварын шинэ голомт болсон юм. АНУ-ын Конгресс “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, бэлтгэх, хариу арга хэмжээ авахад чиглэсэн хүчин чармайлтыг санхүүжүүлэх зорилгоор яаралтай тусламжийн зардлын багцыг баталж, ойролцоогоор 1.25 тэрбум ам.долларыг олон улсад зарцуулахаа мэдэгдээд байгаа ч тус улсад нөхцөл байдал тун хүнд байна. Түүнчлэн “Цар тахлын эсрэг АНУ-ын ард түмэн ямар арга хэмжээ авсан бэ” гэсэн санал асуулгад оролцогчдын 90 хувь нь юу ч хийгээгүйгээ хүлээн зөвшөөрчээ.
Гуравдугаар сард АНУ дахь ажилгүйдэл дээд түвшинд хүрч 13 хувь болсон нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн тааруу үзүүлэлт болоод байна. Цаашилбал, 2020 оны II хагаст энэ тоо 30 хүртэл хувь болон өсөх магадлалалтай байгааг эрдэмтэд сануулжээ. Өнөөгийн байдлаар америкчуудын 80 хувь нь хөл хорионд орсон бөгөөд үйлчилгээний салбар, үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбар зогсонги байдалтай болж, хүн амын 73 хувийнх нь орлого буурсан үзүүлэлт гарав. Улсын эдийн засгийг тэтгэх зорилгоор АНУ-ын Конгресс түүхэндээ хамгийн их буюу 2.2 их наяд ам.долларын санхүүжилт баталжээ. Үүнээс, насанд хүрсэн хүн бүрт 1200 ам доллар, хот мужуудын аж ахуйн нэгжийн зээлийн хөтөлбөрт санд 500 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 367 тэрбум, эмнэлэг болон ажилгүйдлийн даатгалын сангийн өргөтгөлд 130 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байна. Эрдэмтдийн үзэж буйгаар ирэх зургадугаар сард АНУ-д 20 сая хүн ажилгүй болох тооцоо гарчээ.
Германд маск, бээлий экспортлохыг хориглов
Нэгдүгээр сарын 25-нд Францын иргэн “Ковид-19” вирусийн халдвар авсан нь батлагдсанаар Европ тив уг цар тахалд нэрвэгдэж эхэлсэн. ХБНГУ-ын хувьд гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Франц, Люксембург, Дани, Австри, Швейцарь улстай хилийн ихэнх хэсгийг хааж, хатуу хяналтан дор бараа бүтээгдэхүүн, зайлшгүй ажиллах хүчийг оруулах болжээ. Мөн олон нийтийн үйл ажиллагаа, амралт, зугаалга, урлаг, соёл, спортын арга хэмжээ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сараас тавдугаар сарын 3 хүртэл зогсоосон байна. Түүнчлэн “Ковид 19”-ийн тахлын үед эмнэлгүүдэд үзүүлэх тусламжийн тухай хууль, Улсын хэмжээнд тархсан цар тахлын үед ард иргэдийг хамгаалах тухай хуулийг баталжээ. Үүнээс гадна тав хүртэл ажилтантай аж ахуйн нэгжид гурван сарын хугацаанд 9000 евро, 10 хүртэл ажилтантай аж ахуйн нэгжид 15000 евро нэг удаагийн олгохоор болсон юм. Германд халдвар хамгааллын эмнэлгийн хэрэгсэл маш их дутагдалтай байсны улмаас маск, бээлий, хамгаалах өмсгөл зэргийг гадагш экспортлохыг хоригложээ.
Япон коронавирусийн эсрэг бодлогын баримт бичиг батлав
Япон Улсад нэгдүгээр сарын 16-нд дотоодын анхны халдварын тохиолдол бүртгэгдсэн. Ерөнхий сайд Абэ Засгийн газраа хуралдуулж, хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авчээ. Мөн Засгийн газраас коронавирусийн эсрэг хэрэгжүүлэх анхдугаар арга хэмжээг тогтож, нийт 15.3 тэрбум иэн зарцуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ эх орондоо буцаж ирэгсдэд гурван тэрбум иенийн тусламж үзүүлэх, дотоодод халдварлах эрсдлийн эсрэг 6.5 тэрбум сая иен, хилийн хорио цээрийн шалганыг сайжруулахад 3.4 тэрбум иен зарцуулахаар болов. Улмаар Хорио цээрийн хуульд заасны дагуу хил нэвтрэх үед өвчний сэжигтэй болон шинж тэмдэг илрээгүй өвчин тээгчийг коронавирусийн халдварт өвчтөнд тооцохоор заасан байна.
Мөн Засгийн газраас короновирус өвчний эсрэг авах арга хэмжээний үндсэн бодлогыг баталж, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч буй ажилчдыг амраах, нийтээр ажиллуулах биш, цагийн хуваарийн дагуу ээлжээр ажиллуулах зэрэг шат дараалсан арга хэмжээ авчээ. Түүнчлэн бага, дунд, ахлах, тусгай сургуулиудыг гуравдугаар сарын 2-ны өдрөөс хаврын амралт хүртэл амраахаар шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээгээр бизнесийн үйл ажиллагаанд 108 их наяд иен, төсвийн зардалд 39.5 их наяд иений эдийн засгийн яаралтай арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ зарласан юм. Улмаар Засгийн газрын хуралдаанаар “Шинэ коронавирусийн халдварын эсрэг хэрэгжүүлэх эдийн засгийн яаралтай арга хэмжээ” хэмээх бодлогын баримт бичиг батлав. Үүнд, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эх орондоо эргэн ирж буй иргэдийг хүлээн авах тогтолцоог сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээний эм болон вакциныг судалгаа туршилтаар гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг хурдавчлах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэрэг өргөн хүрээг хамарчээ.
Солонгосчууд “жүтэг”-д амьдрахыг илүүд үзэв
БНСУ дотооддоо үр дүнтэй хариу арга хэмжээ авч тахлын тархац, хүн амын эндэгдлийг бууруулж, халдварын тархалтыг хяналтдаа авч байгаа. Тус улсын иргэдийн хувьд олон давхар орон сууцанд амьдрахаас зайлсхийж, “жүтэг” буюу манайхаар гэр хороололд амьдрахыг илүүд үзэж эхлэв. Энэ нь цахилгаан шат, хаалганы бариул зэрэг наад захын аюулгүй байдлыг бодолцож буй хэрэг юм. 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар цар тахалтай тэмцэх хоёр дахь шатны санхүүжилтээр зургаан тэрбум ам.доллар баталжээ.
“Самжон КПМЖ” эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судалгаагаар 2020 онд БНСУ хамгийн багадаа 3.2 тэрбум, Хятад 50 тэрбум ам.долларын экспортын алдагдал хүлээнэ гэж үзсэн байна. 2020 оны гуравдугаар сарын байдлаар БНСУ-ын цахилгаан бараа үйлдвэрлэл 4.4 тэрбум, авто машин үйлдвэрлэл 3.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс эрс буурсан үзүүлэлт гарчээ. Мөн банк, даатгал, барилга, усан онгоц, эрчим хүчний салбаруудын хувьцааны үнэ илүү буурах хандлага ажиглагдсан аж. Хамгийн их уналттай бизнесийн салбарт тоглоомын төвүүд 84, кино театр 71, агаарын тээвэр 57 , зочид буудал 25, хоолны газрууд 14 хувийн үзүүлэлтээр тус тус багтаж байна.
Туркэд амны хаалт үнэгүй тараажээ
Турк Улсад коронавирусийн цар тахал гуравдугаар сарын 10-нд анх бүртгэгдсэн. Үүнээс хойш БНТУ-ын засаг захиргаа иргэдээ вирусийн шинжилгээнд шуурхай хамруулжээ. Ийн нарийн төлөвлөгөө гаргаж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг яаралтай авсан тул Европын бусад улс орнуудтай харьцуулахад нас баралт, вирусийн тархалтыг барьж чадсан. Тус улс хилээ бүрэн хааж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, 20-оос доош, 65-аас дээш насны хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, нийтийн тээврийн зогсоол, үйлчилгээний төвүүдээр иргэдэд амны хаалт үнэ төлбөргүй тарааж байгаагаас гадна цахим системээр дамжуулан гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжоор хангаж байгаа юм.
Мөн Истанбулд Ататуркийн нисэх буудлын орчимд хоёр эмнэлэг шинээр барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү 1000 ортой хоёр эмнэлгийг 45 хоногийн дотор барьж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Судалгаагаар Турк Улсад цахим болон зайн сургалт, цахим орчинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа 15 дахин нэмэгдсэн бол агаарын тээвэр, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд коронавирус сөрөг нөлөө үзүүлсээр байна. Мөн эрх баригчид зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, эдийн засгийн голлох 11 салбарт татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн аж. Түүнчлэн бүх төрлийн бизнес эрхлэгчдэд 36 сарын хугацаатай тогтсон хүүтэй зээл олгож, зээл авснаас хойших эхний зургаан сард эргэн төлөлт хийхгүй байх зохицуулалт хийжээ.
Вьетнам эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд цэрэг армийг дайчилжээ
Халдвар тархах үед Вьетнам нь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, бүсчлэх, хорио цээр гэсэн таван стратегийн зарчмыг баримталж байв. Эдгээр зарчмууд нь энгийн мэт санагдаж байгаа боловч цар тахлын эсрэг өнөөг хүртэл үр дүнтэй нь батлагдсан. Вьетнамын Ерөнхий сайд цар тахал дэлгэрлээ гэж албан ёсоор зарласан өдрөөс Вьетнам улс даяар 15 хоногийн хөл хорио тогтоож, ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хүнс, эм авах, эмнэлэгт үзүүлэх тохиолдолд л гэрээс гарах, гарсан тохиолдолд хоорондоо доод тал нь хоёр метрийн зай барих шийдвэр гаргаж байв.
Вьетнам өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд армийг дайчилдаг цөөн улсуудын нэг. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусгаарлах байгууламж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд цэрэг армийг дайчилсан нь маш оновчтой шийдэл болжээ. Мөн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, технологийн туршилтыг тасралтгүй хийж байна.
2020 оны эхний улирлын байдлаар Вьетнамын ДНБ ердөө 3.82 хувиар өссөн нь 2011 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. Энэ байдал нь аялал жуулчлал, агаарын тээвэр, зочид буудал, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбаруудад сөргөөр нөлөөлж байна.
Казахстан коронавирусийн эсрэг вакцин гаргаж байна
Казахстан Улсад коронавирусийн анхны тохиолдол гуравдугаар сарын 14-нд бүртгэгдсэн. Казахстаны Засгийн газраас анхны тохиолдол бүртгэгдэх хүртэл вирусээс урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ аваагүй учраас зөвхөн хагас сарын хугацаанд тус улсад 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч коронавирусийн эсрэг вакцины судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгоод буй.
Ийн Биологийн аюулгүй байдлын асуудлыг судлах шинжлэх ухааны судалгааны хүрээлэн нь Үндэсний биотехнологийн төвтэй хамтран коронавирусийн эсрэг вакцин гаргаж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, одоогоор коронавирусийн эсрэг 54 төрлийн вакцин туршилтын шатанд байгаа аж. Түүнээс зөвхөн хоёр вакциныг эмнэлзүйн клиник туршилтанд ашиглаж эхэлсэн.
Казахстан Улсын экспортын голлох түүхий эд болох зэсийн үнэ зургаа, хөнгөн цагаан тав, цайр арав, хар тугалга гурван хувиар буурчээ. Улсын төсвийг бүрдүүлдэг газрын тос, өнгөт металл, эрдэс бүтээгдэхүүнээс олох орлого ийнхүү буурч байгаа нь эдийн засгийн хямрал үүсэх эрсдлийг бий болгосон гэнэ.
Э.Эрдэнэцэцэг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.