Сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх анхны томоохон хэмжээний цэнэг хураагуурын систем байгуулахад зориулж Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл олгохоор болжээ.
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Жэймс Линч “Азийн хөгжлийн банкны хөгжиж буй гишүүн орнуудын дунд Монгол Улс нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тус улсын нийт хүлэмжийн хийн гуравны хоёрыг эрчим хүчний салбар ялгаруулж байна. Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, улмаар эрчим хүчний салбараас үүдэлтэй нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад томоохон хувь нэмэр оруулна” гэлээ.
Уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг мөн бүрдүүлэх юм байна. Төслийн хүрээнд дэлхийд томоохонд тооцогдохуйц 125 мВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий цэнэг хураагуурын систем суурилуулах бөгөөд уг цэнэг хураагуурынсистем нь хуримтлуулсан цэвэр эрчим хүчийг Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх аж. Мөн Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байх бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдох аж.
2024 оны есдүгээр сард хэрэгжиж дуусах энэхүү төслийн нийт өртөг 114.95 сая ам.доллар бөгөөд үүнээс гурван сая ам.долларыг Японы Засгийн газрын санхүүжилттэй Азийн хөгжлийн банкны Дэвшилтэт Технологийн сангийн буцалтгүй тусламжаас, үлдсэн 11.95 сая ам.долларыг Засгийн газраас санхүүжүүлэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.