АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол нэг сая давж, 60,000 орчим хүн нас бараад байна. Энэ үеэр дэд Ерөнхийлөгч Майк Пенс Миннесотагийн Майо эмнэлэгт зочлохдоо эмнэлгийн зочид бүр амны хаалт зүүх ёстой гэсэн дотоод дүрэм журмыг зөрчсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Зурагнаас харахад тус эмнэлэгт байгаа хүмүүс дунд цор ганц амны хаалтгүй хүн байгаа нь дэд Ерөнхийлөгч Пенс ажээ. Тэрээр коронавирусийн нөхцөл байдалтай танилцах, судлах тусгай үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ажлынхаа хүрээнд өвчтөнүүд болон эмнэлгийн ажилтнуудтай уулзахаар болжээ.
Майк Пенстэй хамт Хүнс, эм бэлдмэлийн газрын комиссар доктор Стефен Хан явж байсан бөгөөд тэрээр амны хаалт зүүж эмнэлгийн дотоод дүрмийг мөрджээ. Сэтгүүлч, сурвалжлагчид дэд Ерөнхийлөгчөөс яагаад амны хаалт зүүгээгүй талаар асуухад эргэн тойрных нь хүмүүс бүгд коронавирусийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаа гэсэн тайлбарыг өгсөн байна.
Мөн коронавирусээр халдварласан байж болзошгүй хүмүүс халдвараа бусдад халдаахаас сэргийлж амны хаалт зүүж байгаа, надад коронавирус байхгүй учир бусадтай ярилцахад амны хаалтгүй байх нь илүү дээр байна хэмээн хэлжээ.
Нэгдсэн улсын Засгийн газар ард иргэдийг коронавирусээс сэргийлэхийн тулд олон нийтийн газарт нүүрээ халхлах, нийтээс зай барих дүрмийг баталсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.