Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгай гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-нд дөрвөн хүүхэд Баянгол дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрч хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан, оройн цагаар хулгай хийдэг байжээ. Энэ оны эхний улирлын байдлаар нийт 13 тээврийн хэрэгсэл хулгайлсан нь тогтоогджээ. Тэд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдээс тээврийн хэрэгсэл хулгайлж байснаа мэдүүлсэн байна. Түүнчлэн дээрх хүүхдүүд мэдүүлэг өгөхдөө “Бодис үнэртэж мансуурдаг” гэдгээ хэлжээ. Тиймээс худалдаа эрхлэгчдэд насанд хүрээгүй хүүхдэд газ зарахгүй байхыг мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хараа хяналтдаа байлгахыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлсээс анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.