БНСУ-д сүүлийн арав хоногт коронавирусийн 15-аас цөөн тохиолдол бүртгэгджээ. Өнөөдөр зарласан 14 шинэ тохиолдлын 12 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Тус улсад нэгдүгээр сарын 20-нд халдварын анхны тохиолдол илэрснээс хойш яг 100 өдөр өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 10,752 тохиолдол бүртгэгдсэнээс 8,854 хүн буюу нийт өвчтөнүүдийн 80 хувь нь эдгэрээд байгаа юм.
COVID-19-ийн тохиолдлын тоо буурахтай зэрэгцэн эрх баригчид хөл хориог аажмаар тавьж байна. Тавдугаар сарын эхээр сургуулиудыг нээх шинэ удирдамжийг зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд сурагчдыг өөр өөр цагт сургуульдаа ирэхийг санал болгов.
Өмнөд Солонгост энэ пүрэв гарагаас эхлэн зургаан өдөр үргэлжилсэн бүх нийтийн амралтын өдрүүд тохионо. Пүрэв гарагийн Буддагийн төрсөн өдрөөс эхлэн тавдугаар сарын 1-нд Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн баяр болж, харин 5-нд Хүүхдийн баярын өдрийг тэмдэглэх юм. Ирж буй урт амралтын өдрүүдээс шалтгаалан хөл хориог сулруулах эсэхийг шийдэх хандлагатай байна.
Эрх баригчид бүх нийтийн амралтын өдрүүдээр өмнөд солонгосчуудыг бөөнөөрөө аялахгүй байхыг уриалж байгаа ч баярын өдрүүдээр хэдэн сая иргэн дотоодын аялалд гарахаар төлөвлөжээ.
Тухайлбал, дотоодын нисэх онгоцны тийзийн эрэлт эрс нэмэгдэж, Чэжү арал руу явах тасалбарууд хэдийнэ зарагдаж дууссан байна. Дотоодын томоохон аялал жуулчлалын газруудын ойролцоох зочид буудлуудын өрөө захиалгаар дүүрчээ. Мэргэжилтнүүд баярын үеэр "алдагдсан хавар"-аа нөхөх гэсэн иргэд түгжрэл үүсгэнэ гэж таамаглаж байна.
Иймд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд сонор сэрэмжээ сулруулж болохгүй гэж үзэж байгаа талаар мөн мэдээллээ.
Эх сурвалж: Yonhap News Agency, The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.