Их Британид коронавирусийн тархалтын үеэр галын шугаманд ажиллаж, харамсалтайгаар халдвар авч амь насаа алдсан ажилтнуудын дурсгалд хүндэтгэл үзүүлж улс орон даяар минутын хугацаанд дуугаа хураахаар болжээ. Халдвар аваад эдгэж ажилдаа эргэн орсон Ерөнхий сайд Борис Жонсон орон нутгийн цагаар мягмар гарагт 11:00 цагт коронавирусээр нас барсан ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцох юм байна.
Эрүүл мэнд, халамж, тээвэр зуучлалын салбарын 100 гаруй ажилтан коронавирусээр нас баржээ. Хэдийгээр коронавирусээр халдварласан иргэн бүрийн амь нас үнэ цэнэтэй ч тэдгээр зуу гаруй ажилтан ард иргэдийг хамгаалахын тулд тэргүүн шугаманд хүчин зүтгэж, амь насаа алдсан гэдгийг эрх баригчид онцолсон байна.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад төрийн далбааг хагас бөхийлгөж, ард иргэд хийж буй ажлаа орхин хүндлэл үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа Засгийн газраас мэдэгджээ.
Тус улсад нэг хоногийн хугацаанд 360 иргэн нас барж нийт эндэгдэл 20,000 даваад байна. Коронавирусийн халдварын тохиолдол 160,000 дөхжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.