Бельгичүүд шарсан төмсөнд дуртай ард түмэн ажээ. Гэвч хорио цээрийн дэглэмээс болж эдийн засгийн хүнд байдалд орсон хүмүүсийн нэг нь эндэхийн газар тариалан эрхлэгчид юм. Тиймээс тариаланчдыг дэмжих үүднээс долоо хоногт хоёр удаа шарсан төмс идэхийг иргэдэд уриалжээ.
Төмс тариаланчдын үйлдвэрчний эвлэл Бельгапомын зүгээс ард иргэд шарсан төмс ихээр худалдаж авах нь газар тариалан, тэр дундаа төмс хүнсний ногоо тариаланчдыг аварч үлдэх цорын ганц арга хэмээн мэдэгджээ. Тариаланчид ихэнх ургацаа экспортоор гадаад улс орнууд руу худалддаг боловч коронавирусийн хямрал, хорио цээрээс болж зогссон байна.
Хэрэглэгч, худалдан авагчдын захиалга зогссоноос 750,000 тн төмс агуулахад хадгалагдаж байна. Тиймээс долоо хоногт нэг удаа шарсан төмс иддэг бол ядаж хоёр удаа идэх нь тариалан эрхлэгчдийг аварна хэмээн уриалах болжээ.
Коронавирус тархсанаас хойш гуравдугаар сарын дундаас эхлэн зоогийн газрууд хаалгаа барьж, зах худалдааны төвүүд хаагдаж, хавар зуны баярууд цуцлагдсанаар зах зээл нь хумигдсан байна. Бельги улс нь дэлхийн хамгийн том төмс, хөлдөөсөн шарсан төмс экспортлогч орнуудын нэг юм. Жил тутамд дэлхийн 100 гаруй улс руу 1,5 сая тн төмс экспортолдог байна.
Бельгиэс гадна хөрш Франц улсад ч мөн 500,000 тн төмс агуулахад хадгалагдан хэрэглэгчдээ хүлээж байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.