Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр халдварлаж, эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсний дараа бүрэн эдгэж өнгөрсөн шөнө ажилдаа эргэн оржээ.
Борис Жонсоныг Даунинг Стрийтэд буцаж ирснийг Их Британийн хэвлэлүүд нийтэлсэн байна. Засгийн газар коронавирусийн тархалтыг намжаахын зэрэгцээ эдийн засгийг аврах хүнд дарамтанд ороод байгаа юм. Тус улсад коронавирусийн 150,000 гаруй тохиолдол илэрч, 20,000 гаруй хүн нас бараад байна.
Эрх баригчид хатуу чанга хорио цээрийн дэглэмийг суллахдаа иргэдийг бие биенээсээ зай барих шинэ дүрмийг чанд хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдээд байгаа юм.
Удаан хугацаанд эзгүй байсан Ерөнхий сайд эдгэж ажилдаа эргэн орсон тул Их Британи улс иргэдийн амь насыг эрсдэлд оруулалгүй бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг сэргээх, сургууль цэцэрлэгүүдийг нээх, нисэх буудалд ирсэн зочдыг тусгаарлах зэрэг шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр бэлдэж байна.
Ням гарагийн байдлаар Их Британид 24 цагийн хугацаанд 413 хүн нас барсан нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш хамгийн бага үзүүлэлт юм. Гэвч үүнд санаа амарч болохгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлээд байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.