“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.
Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн талаар тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа мэдээлэл өглөө.
2019 оны ногдол ашиг болох 199 тэрбум төгрөгийг тавдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ. Одоогийн байдлаар 2 сая 36 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэснээс 300 мянган нь банкны дансаа мэдүүлсэн байгаа юм.
Иймд хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан банкны дансаа холбуулахыг зөвлөж байна. Түүнчлэн банкны дансаа мэдүүлээгүй иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын буцаан олголтын дансаар өгөх ажлыг судалж байна.
Түүнчлэн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанийн туслан гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн ажилтнууд уурхайгаас буухдаа ажил хаялт хийж үсээ хусуулах зэрэг үйлдэл гаргасан. Газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцахаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг уурхайчидтай уулзалт хийсэн. Ингээд ажлаас халсан гэх 10 ажилтан эргүүлэн ажилд нь авах талаар шийдвэр гаргахаар болсон ч дээрх ажилтнуудын зүгээс шүүхээр маргаанаар шийдвэрлэхээр болсон.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2019 оны үйл ажиллагаанд Үндэсний Аудитын газар шалгалт хийхэд анх удаагаа төрийн өмчийн компаниуд дундаас аудитын дүгнэлтээр анх удаа зөрчил гараагүй хэмээн дүгнэсэн. Энэ нь компанийн үйл ажиллагаа хэрхэн ил тод, бодит явж буй илрэл юм хэмээн үзэж болох юм гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.