Сэлэнгэ мөрөнд энэ жил 1,2 тэрбум омуль загасны жарамхай тавьсан талаараа ОХУ-ын Загасны аж ахуй, далай тэнгисийн судалгааны хүрээлэнгийн Байгал нуурын салбарын төлөөлөгч Андрей Бобковийн мэдээллээ. Энэ нь сүүлийн таван жилд тавьсан жарамхайн хэмжээтэй тэнцэж буйгаараа онцлогтой гэв.
Үржлийн газраас гардаг жарамхайн тоог хянах ажил одоогоор зөвхөн Сэлэнгэ мөрөнд хийгдэж байгаа хэдий ч Байгал нуурын хойд хэсгийн гол, мөрнүүдэд ч бас адил үйл ажиллагааг төлөвлөөд байгаа аж.
Омуль загасыг агнахыг 2017 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хориглосон. Сонирхогч, мэргэжлийн загасчид болон загас агнуурын усан онгоцнуудыг хавар, намрын улиралд Байгал нуурын омуль загасыг барихыг бүрэн хориглоод байгаа. Харин нутгийн уугуул иргэд болон жижиг үндэстнүүдийг хувийн хэрэгцээндээ зориулан загасчлахыг л зөвшөөрч байгаа юм.
Омулийн жарамхай нь гурав, дөрөв дэх жилээсээ агнуурын загас болдог бөгөөд үржлийн багийнхан зургаа, долоон жилийн дараа Сэлэнгэ мөрөнд ирж дүгнэлт хийнэ гэв. Тиймээс, омуль загас барих хоригийг цуцлах тухай ярих нь эрт байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: i38.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.