Австрали улсын Засгийн газраас коронавирусээр халдварласан хүнтэй ойр байгааг таних гар утасны шинэ аппликейшн гаргажээ. Уг апп-ыг гаргаснаас хойш хэдхэн цагийн дотор сая гаруй иргэн татаж авсан байна.
COVIDSafe нэртэй ухаалаг гар утсанд зориулсан апп Bluetooth утасгүй сүлжээ ашиглан 1,5 метрийн зайд ирсэн бусад хэрэглэгчтэй дижитал гар барих дохиогоор дамжуулан мэдээлэл өгөх ажээ. Апп гаднаас нэвтэрсэн хэрэглэгчийг бүртгэж, шифрлэх юм байна. Хэрэв хэрэглэгч коронавирусээр халдварласан байх магадлалтай өөр нэг хэрэглэгчтэй 15 минутаас дээш хугацаанд ойр байвал апп дохио өгч мэдэгдэнэ.
Австрали улсад коронавирусийн халдварын 7,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 100 орчим иргэн нас бараад байгаа юм. Халдварын тархалт харьцангуй удааширсан ба ням гарагт 16 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Шинэ апп-ыг орон нутгийн цагаар ням гарагийн 18 цагт нээсэн тухай Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгдсэн юм. Үүний дараа үдшийн 22 цаг 10 минут гэхэд хэдий нь нэг сая иргэн татаж авсан байжээ. Засгийн газраас уг апп-ыг иргэн бүр гар утсан дээрээ татан авч, өөрсдийгөө, гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны хэлснээр иргэд апп-ыг хангалттай хэмжээнд бүрэн гүйцэд ашиглавал нийтээс зай барих хорио цээрийг суллах боломжтой ажээ. Улсын 25 сая иргэний 40 хувь нь апп-ыг ашиглавал хангалттай гэж үзэх юм байна.
COVIDSafe апп дахь мэдээллийг Австрали улсад хадгалах ба хэрэглэгч бүр нас, гар утасны дугаар, шуудангийн хаяг, нэрээ бүртгүүлэх шаардлагатай. Хэргэглэгч апп-аа гар утаснаасаа устгах болон 21 хоногийн дараа мэдээлэл автоматаар устах ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.