Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас энэ сарын 8-ны 11:00 цагт мэдээлэл өглөө.
БНХАУ-аас гадна нийт 24 улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нэг усан онгоцонд халдвар бүртгэгдээд байгаа. Нийт 3700 зорчигчоос 61 хүн халдвар авсан байгаа. Шинэ коронавирусээр өвчилсөн иргэдийн 92 хувь нь хөнгөн явцтай байна. Хүнд өвчтэй хүмүүсийн хувьд өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс илүү хүндрэх хандлагатай байна. Ухань дахь эмнэлгийн ажилтнууд халдвар аваад байгаа.
ДЭМБ-аас тархалт багатай орнууд хувийн хамгаалах хэрэгслийг нөөцлөхгүй байхыг зөвлөж байгаа юм. Манай улсын хувьд эмнэлгийн ажилтнуудаа халдвараас сэргийлэхийн тулд нэн тэргүүлэх ач холбогдол өгч байгаа.
Энэ сарын 6-ны өдөр ХӨСҮТ болон хөдөө орон нутагт тусгаарлагдсан есөн тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй зургаан тохиолдол байсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг, Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурав, өмнө нь ирсэн хоёр тохиолдол. Дээр нь Дархан-Уул аймагт нэг, Ховд аймагт тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа хэмээн ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү дурдлаа.
Ингээд энэ сарын 7-нд сэжигтэй гэх тохиолдол шинээр ирж тусгаарлагдаагүй байна хэмээн сайн мэдээг дуулгав.
Коронавирусийн халдвар бусад улс оронд нэлээн эрчтэй тархаж байгаа. Ялангуяа өнгөрсөн шөнө гэхэд 3000 гаруй хүн шинээр халдвар авч 86 хүн нас барсан байна. Иймд ард иргэд өндөр сонор сэрэмжтэй байж, хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэйг сануулав.
Шинэ коронавирусийн халдвараас иргэд хэрхэн яаж сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зөвлөв.