БНАСАУ-ын 36 настай удирдагч Ким Жон Уны бие, эрүүл мэндийн талаар ойрын өдрүүдэд цуу яриа, таамаг сэжиг ихээхэн гарч байгаа юм. Энэ сард болсон тэмдэглэлт өдрүүдэд өөрийн биеэр гарч ирэлгүй удсан нь түүнийг нас барсан байж ч болзошгүй гэсэн яриа гарахад хүргэсэн.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хятадын эрүүл мэндийн ажилтнуудын баг Умард Солонгосыг зорьсон тухай эх сурвалж мэдээлсний дараа Кимийн гэр бүлийн дараагийн залгамжлагчаар Жон Уны дүү Ким Ё Жон нэрлэгдэнэ хэмээн шинжээчид таамаг дэвшүүлж байна.
Тэгвэл Умард Солонгостой хамгийн ойрын ажиглагч Өмнөд Солонгос улсын Засгийн газраас удирдагч Ким Жон Ун амьд мэндээр тогтохгүй биеийн байдал нь сайн байгаа гэсэн мэдээллийг өгөөд байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гадаад бодлогын тэргүүн зөвлөх Мүн Чун Ин “манай засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй. Ким Жон Ун амьд, эрүүл мэнд нь маш сайн байгаа. Тэр энэ сарын 13-ны өдрөөс хойш Вонсанд байрлаж байна. Одоогоор сэжиг бүхий үйлдэл, хөдөлгөөн ажиглагдаагүй” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын тагнуулын албанаас долоо хоногийн өмнө Ким хүнд хагалгаанд орж, биеийн байдал нь сайнгүй байгаа талаар мэдээлсэн билээ. Үүний дараа Өмнөд Солонгост байдаг Daily NK сэтгүүлд удирдагч зүрх судасны хагалгаанд орсон талаар дурдсан юм. Учир нь залуу Ким хэт их таргалалттай, ачаалалтай ажиллахын хажуугаар тамхи их татдаг учир зүрх судасны өвчлөлтэй байх магадлал өндөр ажээ.
Амралтын өдрүүдэд Вонсанд зөвхөн удирдагчийн гэр бүлийнхний зогсдог зогсоолд энэ сарын 21, 23-ны өдрүүдэд галт тэрэг ирж зогссоныг хиймэл дагуулын зурагнаас ажигласан болохоо эх сурвалжууд баталсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.