Өнгөрсөн 24 цагийн дотор ОХУ-ын 53 бүс нутагт өвчлөл бүртгэгдэж, 5,963 хүн нэмж халдвар авсан байна. Мөн тус улсад нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн нас барлаа. Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд Москва орчимд халдварын тархалт тасралтгүй нэмэгдэж байна.
Хамгийн гол нь иргэд хөл хорионы дэглэм барихгүй байгаа болон ханиад томууны улирал эхэлсэн болоод хөнгөн хэлбэрээр илэрч байгаа тул эмнэлгийн байгууллагад тэр бүр хандахгүй байгаа нь тархалтыг нэмэгдүүлж байна гэж Оросын мэргэжилтнүүд үзэж байна.
Манай улсад 743 хүн ажиглалтанд байна. 119 дугаартай утас 24 цагаар ажиллаж гадаадын болон дотоодын иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч үйлчилж байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторуудад 209 шинжилгээ хийжээ. Үүнд Дорноговь аймагт гарсан сэжигтэй тохиолдлуудад коронавирус илрээгүй байна.
Дархан-Уул аймгийн лабаорторид Алтанбулагийн боомтоос орж ирсэн 32 хүнд хийсэн шинжилгээ сөрөг гарлаа. Гурав дахь давтан шинжилгээгээр Москвагийн оюутнаас коронавирус илэрлээ. Ингээд Москвагаас Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн нийт 21 оюутанд коронавирус илэрчээ. Үүнээс харахад халдвар ойрын зайд халддаг гэдгийг баталлаа. Тиймээс амны хаалт, бээлий зүүх, хоорондоо зай барихыг дахин сэрэмжлүүлж байна. Амжиж эх орондоо ирж эмчилгээнд хамрагдаж, элэг нэгт Монголынхоо ард иргэдийн дунд ирсэн оюутнууд азтай байна.
Өчигдөр дахин нэг хүн эдгэрч ажиглалтын байрлуу явлаа. Нийт эдгэрсэн 9, батлагдсан 38 тохиолдол боллоо. ХӨСҮТ-д эмчлэгдэж хянагдаж байгаа 29 иргэн байна.
Анх вирус илэрсэн Франц улсын иргэний биеийн байдал илт сайжирч байна. Таван төрлийн сорьцонд шинжилгээ хийхэд цэрний дээжээс вирус цөөн илэрч байна. Коронавирусийн давтан шинжилгээг 2-3 удаа хийж байгаа бөгөөд тусгаарлалтын хугацааг 21 хоног болгон сунгасан нь маш зөв шийдвэр юм. Өвчлөл нэг гарвал геометрийн прогрессоор өсдөг бөгөөд эдгэрэлт харьцангуй удаан байна.
Зарим улс орнуудын зүгээс коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүмүүст тусгай зөвшөөрлийн зорчих бичиг олгохоор хэлэлцэж байна. Мөн халдварласан хүмүүст дархлаа тогтож байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байхгүй байгаа тул тусаад эдгэсэн ч сонор сэрэмжтэй байхыг ДЭМБ-аас анхааруулж байгаа юм.
Беларусь болон ОХУ-д халдвар эрчимтэй тархаж байна. Тиймээс Орос улсад халдварын оргил үе хараахан ирээгүй хэмээн дүгнэжээ. Азийн орнуудаас нас баралтын тоогоор Индонези улс тэргүүлж байна. Үүнд ард иргэдийн дунд тамхи таталт их байгаа нь холбоотой учир тамхи татахгүй байхыг уриалжээ.
Хүн амын дунд коронавирусийн халдвар голомтлон гаргахгүйн тулд ЭМЯ, Засгийн газар хамтран ажиллаж байна. Хэрэв голомтлон гарсан тохиолдолд улсын болоод хувийн эмнэлгийн ажилтнууд бүгд дайчлагдан ажиллах болно. Цаашид аюул ойрхон байгаа тул халдвар голомтлон тархсан тохиолдолд шуурхай ажиллах талаар сургалт хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирустай холбоотойгоор хоёр чиглэл баримтлан ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх болон халдвар тархсан тохиолдолд бэлэн байдлыг хангах тал дээр анхааран ажиллаж байгаа юм. Нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж долоо хоногт хоёр удаа шуурхай хуралдаж байна.
Үйлчлүүлэгчийн урсгалыг багасгах зорилгоор утсаар цаг захиалах, шаардлагагүй тохиолдолд цаг цуцлах, утсаар зөвлөгөө өгөхөөр операторуудын тоог нэмжээ. Мөн нийт эмнэлгийн ажилчдад сургалтаар халдвараас сэргийлэх, бэлэн байдалд ажиллах 30 гаруй сургалт зохион байгуулан ажиллаж байна. Халдвар тархсан тохиолдолд нэгдүгээр эмнэлэгт хүнд хүмүүсийг авч эмчилнэ хэмээн 140 орыг бэлдсэн байгаа. Мөн хүнд болоод маш хүнд үед ажиллах тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэсэн.
Ковид-19-ийн үед зүрх, уушгины өвчлөл хүндэрдэг учир зүрхний шигдээсийн үед шуурхай ажиллах тоног төхөөрөмжүүдийг бэлдэж байна. Эмч нарт шаардлагатай хамгаалалтын хувцасны гурван сарын нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байхыг нэгдүгээр төв эмнэлгийн захирал уриаллаа.
Бага насны хүүхдүүдийг дагуулж дэлгүүр худалдааны төвөөр явахгүй байх, айл хэсэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угаахыг дахин зөвлөлөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.