Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийн цагаар Монгол улсад бүртгэгдэн, батаалгаажсан коронавирусийн тохиолдол нийт 37 болсныг албан ёсоор зарлалаа. Москвад нэг дор байж, нэг онгоц, автобусаар ирсэн 32 оюутнаас өчигдөр нэг тохиолдол дахин илэрснээр ийнхүү 20 нь халдвар авсан болох нь батлагдлаа хэмээн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Э.Амбасэлмээгийн өгүүлснээр дээрх 32 оюутныг анхнаас нь сэжигтэй гэж үзсэн учир тусгаарлан, тандалт судалгааг сайтар явуулж байна гэв.
Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн халдвартай жолоочийн хувьд Сэлэнгэд 24, Улаанбаатарт 24 иргэнтэй ойрын хавьталд орсон учир /ачаагаа буулгасан гэх мэт.Сур/ нийт 49 хүнийг тусгаарлан, шинжлэхэд одоогоор халдвар илрээгүй. Долоо хоногийн дараа дахин шинжилнэ гэв.
Улсын хэмжээгээр 744 иргэн ажиглалтад байна. 41 иргэн шинээр орсон бол 270 нь тусгаарлалтаас, гэрийн хөл хорио руу шилжжээ.
ХӨСҮТ-ийн 24 цагийн утсанд өчигдөр 221 дуудлага ирсний дийлэнх нь амралтын газруудад хүмүүс ихээр бөөгнөрч байна гэсэн иргэдийн мэдээлэл эзэлжээ. Иймд амралтын газруудад бөөгнөрөхгүй байхад анхаарахыг албаныхан санууллаа.
АНУ, Ирланд зэрэг дөрвөн улсаас манай улсын иргэд утасдаж, халдвар авсан талаараа мэдээлж зөвлөгөө авчээ. Хөнгөн хэлбэртэй туссан гэж үзэж байгаа учир бүгд гэртээ эмчилгээ хийлгэж байгаа аж.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн хэлснээр Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрснийг шинжилж байна. Хариу нь одоогоор гараагүй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.