Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ улс төрийн намууд хуульд заасан хугацаанд буюу 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цагт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ.
Нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өглөө гэж СЕХ-ноос мэдээлэв.
Эх Орончдын Нэгдсэн нам 22-нд хамгийн түрүүнд хандсан бол өчигдөр хамгийн сүүлд буюу 18 цагт Гэр хорооллын хөгжлийн нам хүсэлтээ өгсөн байна.
Харин Ардчилсан нам 23-ны 12 цагт, Монгол Ардын нам 24-ний 12 цагт хүсэлтээ уламжилжээ. Бүртгүүлсэн намуудын жагсаалтаас харахад УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн үүсгэн байгуулсан Ард Түмнээ Хайрлая нам, "Эрэл" группийн Эх орон нам зэрэг намууд дангаар оролцож байгаа нь сонгуулийг сонирхолтой болгоно гэж ажиглагчид үзэж байна.
Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 4 дүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.