Монгол улсын Засгийн газраас "Малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгоно. Хүүгийн зөрүүг Засгийн газар даана" хэмээн бодлого гаргасан. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ нь ноолуурыг дунджаар 100 мянган төгрөгөөр авах бодлого юм" хэмээн тайлбарласан байдаг.
Үүний дараа ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан "Ноолуурын дундаж үнийг 100 мянган төгрөгт барина" хэмээн амласан. Үүнээс үүдэж, одоо хөдөө орон нутагт буй 238 мянган малчны дийлэнх нь амьжиргааны гол хэрэгслийн нэг болсон ноолуураа 40-50 мянган төгрөгийн ханшаар өгөхгүй хээмэн ямаагаа самнахгүй байгаа юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан руу гишүүд дайрч, ХХААХҮЯ-наас жишиг болгон тогтоосон үнээр ноолуурыг авахгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Хоцрогдсон арга барилтай. Төлөвлөгөөт эдийн засгийн арга барилаар асуудалд хандаж байна" хэмээн Ч.Улаан сайдыг хурцаар шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ? Хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү?" хэмээн ширүүхэн асуулаа.
Үүний хариуд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
-Архангайн ноолуур хэзээ 105 мянган төгрөг хүрч байсан юм бэ?! 85 мянгаар зараарай гэдэг жишиг үнийг өгсөн. Одоо 40 мянгаар авч байгаа юм билээ. 40 мянган төгрөгөөр өгч болохгүй шүү. 85 мянга руу нь ойртуулах хэрэгтэй. Бүх ноолуур 100 мянган төгрөг хүрэхгүй. Дунджаар 100 мянга байна гэдэг бодлогыг Засгийн газраас гаргасан.
Зүүн гурван аймгаас ноолуурыг эхэлж авч байгаа. Ноолуур худалдан авалт зүүн гурван аймгаас эхэлдэг. Гэхдээ энэ нь нийт ноолуурын дөнгөж 10 хувь. Үлдсэн 90 хувийг бусад аймгаас бэлдэнэ гэж хариулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.