"Нэг сая ажлын байр олгодог хувийн хэвшлийнхэн хөл хорио тогтоосноос хойш 100 хоног өөрсдийн хүчээр тэслээ. Дампуурах нь дампуурч, дансаа дугуйлах нь дугуйллаа. Тэвчээрт хязгаар бий. 5.1-ний Хөдөлмөрчдийн өдрөөр жагсацгаая" хэмээн МҮХАҮТ уриалж байна.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Ашиг олох нь бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч байна. Ажилгүйдэл улам нэмэгдэж байна. Улирлын чанартай ажлаас хамааралтай өрхүүд орлогогүй болж эхэллээ. Иймээс бид тайвнаар, хуулийн хүрээнд жагсаал зохион байгуулна" хэмээн ярилаа.
Тэрбээр мөн "Энэ удаад зээлийн барьцаанд орсон 1 сая хүн жагсана. Асуудлыг одоо шийдэхгүй бол 3 сарын дараа гинжнээсээ өөр алдах юмгүй болсон орлогогүй 1.5 сая хүн жагсах биз" хэмээн нэмж хэллээ.
Тус байгууллага 5 дугаар 1-нд Сүхбаатарын талбайд жагсаал хийх хүсэлтээ СБД-ийн цагдаад хүргүүлсэн бөгөөд жагсагчид хоорондоо 2м зайтай зогсож, эсэргүүцлээ илэрхийлэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.