УИХ-аас баталсан хуулийн дагуу Бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 25-аас өмнө нам, эвсэлд УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлэх учиртай
Өөрөөр хэлбэл, нам, эвсэл, сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэх ёстой. Энэ хугацаа энэ Баасан гаригаар дуусгавар болно. Харин СЕХ дөрөвдүгээр сарын 29-ны дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.
Өчигдрийн /2020-04-23/ байдлаар нийт найман нам, нэг эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна.
Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам болон Дэлхийн Монголчууд нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.
ШИНЭ эвслийнхэн өнөөдөр СЕХ-нд очиж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. Энэ үеэр тус эвслийн дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нараас тодруулга авлаа.
ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан "Өнөөдөр Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН болон 10 гаруй улс төрийн намуудын хамтарч байгуулсан "Шинэ эвсэл" буюу шударга иргэдийн нэгдсэн эвсэл СЕХ-нд бүртгүүлэх хүсэлтээ хуулийн дагуу хүргүүлж байна.
Өнөөдрөөс эхлээд "Шинэ эвсэл" 2020 оны УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөгч болон оролцох болно. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн бодлогод бид дүгнэлт хийж байгаа. Шинэ эргэлтийн 21 бодлогоо СЕХ-нд хүлээлгэн өглөө. Шинэ Монголыг бүтээх болно гэдгээ та бүхэндээ дуулгая" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.