Эрүүл мэндийн яамны /2020-04-24/ 11:00 цагийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн дүүргийн бусад эмнэлэгүүдэд уушигны хатгалгаагаар өвчилж, хэвтэн эмчлүүлж байгаа 29 хүнд тандалт шинжилгээ хийхэд мөн вирус илрээгүй.
Сайн мэдээ нь Туркийн халдвар авсан нэг иргэн эдгэрч гарлаа. Эдгэснийхээ дараа 14 хоног өөр байр луу шилжин хянагдах ёстой байсан ч өөрсдөө санал тавьж ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хяналтын хугацааг өнгөрөөе гэсэн. Ингээд 14 хоногоо дуусгаад гэрийн хяналтад гарлаа.
Муу мэдээ нь Москвад сурч байгаад ирсэн нэг оюутны давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тус оюутныг ХӨСҮТ-д ганцаарчлан тусгаарласан байсан. Бид хүнээ зөв сонгож ХӨСҮТ-д тусгаарлаж, бусдыг нь өөр газар ажигласан. Саяны хүн ХӨСҮТ-д байсан. 13 хоногийн дараа давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Хяналтыг хэрхэн хийх талаар улам бүр туршлагжиж байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 190 мянган хүн нас барж, 1,7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 4774 тохиолдол бүртгэгдэж 62 мянган хүн өвчилж, 42 хүн нас барлаа. Эрхүү мужид 75, Буриадад 163 хүн өвчилжээ.
Өчигдрийн байдлаар Москвагийн өвчлөл 2000 тохиолдлоор буурсан бол бусад мужийнх нь нэмэгдсэн.
Манай улсад 958 хүн ажиглалтад байгаа бол өчигдөр 32 хүн нэмэгдэж ажиглалтад орлоо. Мөн 291 хүн ажиглалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлж байна. 119 дугаарын утсанд 220 дуудлага ирсэн. Чех, Англи, БНХАУ, ОХУ-аас холбогдож зөвлөгөө мэдээлэл авчээ.
Баянгол дүүргийн 95 настай Маамхүү гэж өвөө эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлснийг дамжуулья.
ДЭМБ: Сингапурт улсад пүрэв гарагт 1037 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Нийт 11 мянга гаруйд хүрсэн тул засгийн газраас зургаадугаар сарын 01 хүртэл хязгаарлалтын арга хэмжээг сунгасан. Гадаадын цагаач ажилчдын дотуур байрыг хяналтандаа авчээ.
Япон улсад халдварын тохиолдол улам бүр нэмэгдэж байна. Токио хотод гурав хоногт нэг удаа хүнсээ цуглуулах зөвлөмж өгчээ.
БНСУ-д өчигдрийн байдлаар найман шинэ тохиолдол бүртгэгдсэн. 589 мянга гаруй шинжилгээ хийгдсэний 10700-д нь халдвар батлагдсан. Нас баралт дунджаар 2,2 хувьтай байгаа бөгөөд ихэнх нас барсан хүмүүс нь 80-аас дээш насныхан байна.
Халдварын шинэ давалгаа дэлхий дахинд дахин давтагдаж болзошгүй гэж үзэж байна. Ирэх намар томууны улирал эхлэхэд энэ шинэ давалгаа эхэлж магадгүй ажээ. Жилийн дөрвөн улиралтай орнуудад өвчлөл нэмэгдэх магадлал их.
ЭМЯ-ны Шинжлэх ухааны технологийн зөвлөл: Дөрөвдүгээр сарын 01-нээс 20-ны хооронд дэлхий дахины нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 30 орчим судалгааны илтгэл нийтлэгдсэн. Коронавирусийн халдвар авсан үед эмнэл зүйн шинж тэмдэг эхлэх үедээ бусдад халдвар тархаах магадлал хамгийн өндөр байна. Мөн 44 хувь нь шинж тэмдэг илрээгүй үедээ бусдад халдвар тархааж байсан аж.
Бүтэн биеэр тууралт гарах шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй. Хүүхэд хүнд хэлбэрээр өвдөх нь тун ховор, нас баралт бага байна.
Хамрын хөндийн шүүрлийн эс, уушигны эс, гэдэсний шимэгдэх эсүүдэд коронавирус идэвхижиж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон учраас энэ төрлийн эм бэлдмэл гаргаж авахад дөхөм болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо гадаадаас иргэдээ татах ажиллагааг түр зогсоож ѳѳрсдийн хүчин чадал,эмч нарынхаа эрүүл мэндийг бодож ажиллах хэрэгтэй дээ. Зѳвлѳлгѳѳ ѳгч болоод байгаа бол тэр талын арга хэмжээг сайн аваад мѳнгѳ тѳгрѳг ѳгвѳл яадаг юм болдоо.
Мэдээлэл сайн өгдөгт баярлалаа