УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 11 хууль, тогтоомж хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ дундаас Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн нйруулгын төсөл ихээхэн анхаарал татаж байна. Учир нь уг хуулинд ерөнхий аудиторын эрх хэмжээг УИХ-ын гишүүнийхээс ч илүү байхаар зүйлчилж өгсөн гэх шүүмжлэл өрнөөд байгаа юм.
Хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр нийгмийн хамгааллын тогтолцоонд хамрагдах боломжийг бий болгох чиглэлээр Чех улстай хэлэлцээр байгуулах юм байна.
Чех улсад 8800 орчим иргэд ажиллаж, сурч байгаагаас 65 орчим хувь нь 5-25 жил ажиллаж, амьдарч оршин суух эрх авсан байна
Хэлэлцээр соёрхон баталснаар Чех улсад ажиллаж, нийгмийн даатгал төлж, ирээдүйд тэтгэвэр авахад бага тэтгэвэр олгох, тэтгэмжийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан учраас олон улсын гэрээний дагуу УИХ соёрхон батлах тухай хуулийн төсөл юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Засгийн газраас гадаад улс оронд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэлэлцээр байгуулж байгаа бөгөөд БНСУ, Турк, Унгар, Польш бөгөөд тав дах нь Чех болж байна. Цаашид бид ОХУ, Казакстан зэрэг улсуудтай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
Нэгдмэл улс орнуудтай Засгийн газрын түвшинд хэлэлцээр байгуулж болох ч холбооны улс орнуудтай хэлэлцээр хийхэд хүндрэлтэй байна. Тухайлбал, Герман, АНУ зэрэг улс байна.Нийгмийн хамгааллын салбарт хэлэлцээр байгуулж байгаагийн гол агуулга нь тухайн улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тухайн улсаас авах, Монголдоо төлсөн бол оногдох тэтгэвэр, тэтгэмжээ авах эрх үүсч байгаа юм.
Уг хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.