Австрали улсад өнгөрөгч 2019 оны сүүлчээс 2020 оны эхэн хүртэл ойн түймэр газар авч, тэрбум гаруй ан амьтан түймэрт устсан харамсалтай мэдээг дуулгаж байсан. Тус улсын бэлгэ тэмдэг болсон уутат баавгайнууд олноороо түлэгдэж бэртэн оршин суугчид болоод гал сөнөөгчид цөөн тооны амьтдыг аварсан юм.
Ойн түймэрт түлэгдсэн уутат баавгайнуудыг эмчлэн ойд буцааж тавьж эхэлжээ. Дэлхийд цорын ганц уутат баавгайн эмнэлэг Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Порт Маккуорид байдаг. Уг эмнэлэгт эмчлэгдэж эдгэсэн коала баавгайнууд гэртээ харьж эхэлсэн байна.
Түймэрт түлэгдэж бэртсэн Анвен коала биеийнх нь ихэнх хэсэг түлэгдсэн зураг цахим орчинд нилээдгүй тархаж олонд танигдаад байсан юм. Эмч нар түүний биеийн 90 хувийг анагаажээ. Анвен 2019 оны 10 дугаар сард Порт Маккуорийн эмнэлэгт ирсэн гурав дахь өвчтөн байжээ. Түүнийг бусад эдгэсэн коалануудын хамт Шинэ Өмнөд Уэльсийн Лэйк Иннес байгалийн цогцолборт газарт дахин нутагшуулжээ.
Эмнэлгийн ажилтнууд долоо хоногийн хугацаанд 26 баавгайг эргэн нутагшуулах ажлыг гүйцэтгэсэн байна. Өргөн хүрээг хамарсан ойн түймрийн дараа хуй салхи, ширүүн бороо зэрэг байгалийн гамшиг Австралид нүүрлэж, удалгүй Ковид-19 цар тахал дэлхийг нөмөрсөн үед эдгэсэн амьтдыг эргэн нутагшуулсан нь ард иргэдэд итгэл найдвар өгсөн баяртай мэдээ хэмээн сайшаажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.