Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон Мөнхийн тун, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бэлэн байдлыг биечлэн шалгажээ.
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусийн халдварын оношилгоо хийх чадавхи, эрэмблэн ялгалт хийх бэлэн байдлыг хангажээ. Тус эмнэлэг орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг байнгын бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцжээ.
Мөн тус эмнэлэг “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” –ийг ашиглалтад оруулж ард иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Ингэснээр манай улс анх удаа изотопын үйлдвэртэй болсон бөгөөд олон төрлийн өвчнийг эрт үед нь эд, эсийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораторитой болсон байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсний дагуу тус лабораторид Ковид 19 –ын оношилгоог ч хийж болох аж. Нийт 180 гаруй төрлийн шинжилгээг маш богино хугацаанд өндөр нарийвчилалтай хийх юм байна.
Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг “Мөнхийн тун” үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн, уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Өдөрт 10 гаруй мянган хамгаалалтын хувцас, 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нийлүүлэлт тасраагүй, 2-3 сарын бүтээгдэхүүний нөөцтэй болжээ.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2-р эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсаны дараа сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. Тэрбээр,
-Хоёр хөршийн маань байдал дээрдэхгүй бол манай улсын хил хязгаар нээгдэхгүй. Хоёр хөрш болон дэлхий маань сайжирч байж бид хил хязгаараа нээнэ. Ингэж бодож, төлөвлөж, ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй. Хатуу арга хэмжээ авч магадгүй. Онц байдал тогтоохыг үгүйсгэхгүй. Үүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бэлэн байна гээд дэлгүүр хоршоо руу бүгдээрээ гүйгээрэй гэсэн үг биш шүү.
9 сарын 1 хүртэл сургууль, цэцэрлэгийг амраасан. Иймд үр хүүхдээ аваад хөдөө гадаа явах, нар салхинд гарах, аль болох Улаанбаатар хотын бөглөрлөөс хол байхыг хичээх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд нийт ажиллах хүчний 81 хувь нь хорио цээрийн дэглэмд орсон. Дэлхий даяар эдийн засгийн хямралд орж байна. Манай улсын эдийн засаг хүссэн, хүсээгүй орно. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бид авч байгаа. Шүд зуугаад тэсэж гарахаас өөр арга байхгүй.
Нэгдүгээрт, хүний эрүүл мэнд. Хоёрдугаарт, улсын эдийн засаг гэж би харж байгаа. Би нэгдүгээр асуудлыг эрхэмд бодож байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.