Хятад улсад шинэ коронавирусийн тархалт буурч, хөл хорио тавигдсанаар бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. өнгөрөгч пүрэв гарагт тус улсын “Гуанчжоу Эвергранд” хөлбөмбөгийн баг 100 мянган хүний суудалтай, дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа эхлүүлжээ. Бадамлянхуа цэцгийн хэлбэртэй энэхүү цэнгэлдэх нь 1.7 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 12 тэрбум юанийн өртгөөр сүндэрлэх бөгөөд 2022 он гэхэд барилгын ажил дуусах гэнэ.
Тус цэнгэлдэхийн загварыг америкийн дизайнер хасан сиед гаргажээ. Энэ тухай “Эвергранд” группын ерөнхийлөгч Шиа Хайжүн “Энэхүү бүтээн байгуулалт Сиднейн “Опера” театр, Дубай хотын “Бурж Халифа” зэрэг эх газрын бэлэг тэмдэг болсон бүтээн байгуулалтуудтай харьцуулагдаж, хятадын хөлбөмбөгийг дэлхийд таниулах чухал бэлгэдэл болно” хэмээжээ. Мөн тэрбээр, хятад улс даяар 80-100 мянган хүний суудалтай 3-5 цэнгэлдэх хүрээлэн байгуулж, хэзээ нэгэн цагт хятад улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн нь 90 гаруй мянган хүний суудалтай испанийн “Барселона” багийн “Камп ноу” цэнгэлдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.