Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЭХАШШ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар “Олон нийтийн анхааралд байгаа хэргийг шүүх шийдвэрлэсэн байдал” сэдвээр холбогдох мэдээллийг өгөв.
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ
Улсын Дээд шүүх Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.
Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.
Б.АМАРХҮҮД АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ОНОГДУУЛСАН 2 ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 10 дугаар 29-ний өдөр хянан хэлэлцээд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
М.СОНОМПИЛД ОНОГДУУЛСАН 4 ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Г.СОЛТАН, Л.ЭНХБОЛД, Б.УНДАРМАА НАРТ ХОЛБОГДОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАВ
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа /Улсын Их Хурлын гишүүн/ нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянаад: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.
Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХОЙШЛУУЛАВ
Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг БЗДЭХАШШ 2020-03-03-нд хүлээн авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн, 12 хавтаст хэрэг нийт 3 удаа хойшилсон. Эхний удаа буюу 2020-03-10-ны өдөр хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр, дараагийн удаа буюу 2020-03-17-ны өдөр Улсын яллагч ирээгүй үндэслэлээр, 3 дахь удаа 2020-04-06-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй үндэслэлээр 2020-04-22-ны 10 цаг хүртэл хойшлуулсан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1.Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад 2020-04-16-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч М.Энхсайханыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг маргааш буюу 2020.04.23-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлож, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.
2.Нийслэлийн прокурорын газраас 2020-01-22-ны өдөр “Хөгжлийн банк”-ний захирал асан Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг ирүүлснийг СБДЭХАШШ хүлээн авч: Урьдчилсан хэлэлцүүлэг шүүх хурлыг 2020-03-04-ний өдөр зарласан. Шүүх хурал хойшлуулсан шалтгаан:
3. Шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг 2020-02-19-ний өдөр СБДЭХАШШ хүлээн авч хянаад: 2020-03-18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлагдаж яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-01-ний өдөр зарласан боловч өмгөөлөгч Д.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нар шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч М.Цэрэнбат хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан /2020.04.20 10 цаг/
2020-04-20-ны шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх хуралдааныг 2020-05-08-ны 09 цаг хүртэл хойшлуулсан.
4. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Алтанхуягийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86.234.000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгж буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч С.Сандагдоржийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч “Чингисхаан банк” ХХК-ийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банканд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор ...хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ...албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг...” яллагдагчид болон өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өгсөн хүсэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдорж, “Чингисхаан” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
5. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг СБДЭХАШШ 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Одоо хэрэг шүүхийн шатанд шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцах үе шатанд байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1.Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.
2. С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх 2020-03-23-нд хүлээн авсан. Шүүгч хэргийн материалтай танилцах шатандаа явж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хэргийн хугацааг сунгах боломжтой. /Хэрэг 461 хавтас /
-С.Баярцогт-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1,
-Б.Ариунсан-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,
-Б.Бямбасайхан-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,
-С.Баяр-2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,263.2,
-Ч.Давааням-2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3,
-Б.Бадрал-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,
-Д.Ганболд-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн ахнхан шатны шүүхээс олон нийтийн анхааралд байгаа хэргүүдийг шийдвэрлэсэн тухай мэдээлэл /2020 оны I улирал/
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД Ш.МӨНГӨНШАГАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анх 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан. Уг Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт хэлэлцэх, өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан, зарим өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэрэг шалтгаанаар хойшилж, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон.
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-Н ХХН-ИЙН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох 2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.
2020 оны 4-р сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пүрэвбаатараас дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Г.СҮХБОЛД /5/ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарт/ 5/ холбогдох хэргийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 30-ны 09 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулав.
Д.ТОДНОМБАТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан гэрч Д.Тоднямыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг жич зарлахаар хойшлуулав.
Д.АДИЛБАЯР, Б.ЦОЛМОН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд:
Шүүхэд ирсэн хэрэгт Д.Адилбаяр, Б.Цолмон болон тэдний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос тэдэнд торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь прокурорын торгох ялын саналыг хүлээн зөвшөөрчээ.
Ийнхүү хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт болон прокуророос торгох ял оногдуулах санал тус тус гаргасны дагуу шүүхээс хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулсан юм.
Шүүгдэгч Д. Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б. Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 төгрөгийн торгуулийн ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Б.Цолмонг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адилбаяраас 35,000,000 /гучин таван сая/ төгрөг, шүүгдэгч Б.Цолмонгоос 5,000,000 /таван сая/ төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Б.АЛТАЙБААТАР / 5/ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Алтайбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1-3.1 /хүн хулгайлах/ 13.2-.2.2/ хүн хулгайлах/ 12.1-2.6 / хүчиндэх/ 17.2-2/ дээрэмдэх/ 12.5-2.1 / насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/ 11.6-2 / хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах/ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр прокуророос буцаж ирснээр өнөөдрийг хүртэл хойшлогдож / 9/ 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдөр хүртэл хойшлогдсон.
Б.БАЯРСАЙХАН, Б.БАЛДАН-ОЧИР, Г.СУГАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас Б.Баярсайхан нарт /3/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Балдан-Очир шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хурлыг хойшлуулан 2020 оны 5 дугаар сарын 04-ний 13.30 минутад товлов.
Захиргаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар
Г. ДОРЖЗОДОВТ ХОЛБОГДОХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭЛЭЛЦСЭН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 821 дугаар дахь хэсэгт зааснаар зүйлийн 821-1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцээд прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох “ таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Н.НОМТОЙБАЯРТ ХОЛБОГДОХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Н.Номтойбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр, ТСА-нд гаргасан гомдлыг 2020 оны 2 дугаар сарын 07-нд хэлэлцээд хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Д.ДОРЛИГЖАВТ ХОЛБОГДОХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжавт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан ТСАХ-г хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
ДАВААГИЙН КЮКУШУЗАН БАТБАЯР, Т.БАЯСГАЛАН НАРТ АВСАН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан ТСАХ-г хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Ц.Сандуй, А.Ганбаатар, нарын Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхээс Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын гаргасан саналыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Ц.Сандуйг А.Ганбаатартай, А.Ганбаатарыг Ц.Сандуйтай уулзахыг, мөн яллагдагч тус бүрийг Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэлээ.
Прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй хэргүүд
З.БАЯНСЭЛЭНГЭ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас Д.Баярсайхан, З.Баянсэлэнгэ болон бусад нэр бүхий 11 хүнд холбогдох 2002 оны Эрүүгийн хууль / “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах/ 2015 оны Эрүүгийн хуулийн / “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1802004710306 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцдаа Д.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 1802004710306 дугаартай хэргээс З.Баянсэлэнгэ М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох 201701000022 дугаартай хэргийг тусгаарлаж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-05 -ны өдрүүдэд хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох 201701000022 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ НАРТ /11/ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнх-Эрдэнэ нарын 11 яллагдагчтай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, 2 дахь хэсэгт заасан / /мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдииг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн/ мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан / улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр прокурорт хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаав.
С.БЯМБААХҮҮ /3/ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
“ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 дэх хэсэг / Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах/ 23.2-1 дэх хэсэг /Хуурамч бичиг баримт үйлдэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 20-нд Нийслэлийн прокурорт буцаав.
Н.БАТБАЯР, Б.ГАРАМГАЙБААТАР, Р.ОНОН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт / зааснаар Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Онон нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Одоогоор хэрэг шүүхэд ирээгүй байна.
Ш.БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ, Б.МӨНХЖАРГАЛ, Г.АЛТАН, Г.АМАРБАТ, Э.СҮРЭН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ш.Батхүүд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг / нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх/ , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг / залилах/
Яллагдагч Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг / залилах/,
Яллагдагч Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг / нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх/ , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг / залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг яллагдагч тус бүрээр нарийвчлан тогтоох шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс олон нийтийн анхааралд байгаа хэргүүдийн талаарх мэдээлэл /2020 оны I улирал/
“УРТ ЦАГААН” АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ БУУЛГАХТАЙ ХОЛБООТОЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААР
Алаг даага ХХК, Боргочин трейд ХХК, Бэсгэ ХХК, Нью трэнд ХХК, Сооц ХХК, Үнэнч ХХК, Угалзат дархан ХХК, Тавлаг ХХК, Эдванс ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлахыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийг буулгахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2020/2195 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” актын биелэлтийг түдгэлзүүлсэн.
Уг захирамжид хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол гаргасан тул хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн байна.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” ТББ-ЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААР
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ГҮТББ нь Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тус тус холбогдуулан “Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Капитал банкны хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010/ЖДҮХС-177 дугаартай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар “Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Капитал банкны хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010/ЖДҮХС-177 дугаартай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12/ШЗ2020/1804 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд уг захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан.
Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2019 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Одоогоор тус хэргийн шүүх хуралдааныг товлон зарлаагүй байна.
“Ю БИ КОНСТРАКШН” ХХК-ИЙН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААР
“Ю Би констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр “Газар эзэмштих эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Маргаан бүхий газарт төлбөртэй ил зогсоолын үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, Захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирол болох 358,920,173 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Гуравдагч этгээд хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгөөгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШЗ2020/2982 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад товлосон байна.
НДЕГ-ЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ “КАПИТАЛ БАНК”-НЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧИД ХОЛБОГДОХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТУХАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Капитал банк”-ны эрх хүлээн авагчдад холбогдуулан гаргасан “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дугаартай тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан дараалалд бүртгэгдсэн НДЕГ-т хамаарах 104 140 699 902.46 төгрөгийг хүчингүй болгуулах, мөн банкны эрх хүлээн авагчийн 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний 2050 дугаартай албан бичгээр баталгаажсан 6 000 000, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны 99 дугаартай албан бичгээр баталгаажсан 60 000 000 төгрөг, нийт 104 206 699 902.46 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.5-т заасан дараалалд хамруулан бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0181 дүгээр шийдэрээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчдын гаргасан тайлбар, банкны эрх хүлээн авагч, НДЕГ-тай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4-т заасныг удирдлага болгон Банкны тухай хуулийн 73.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104 206 000 000 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.8-т заасан Засгийн газар төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд оруулсныг хүчингүй болгож, мөн хуулийн 73.1.5-т зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийн дараалалд оруулахыг “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгалаа.
ЖИ ПИ ЭФ ХХК-ИЙН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААР
“Жи Пи Эф” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 914 дүгээр тушаал, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Жи Пи Эф” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0134 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
“ЭВИЙН ХҮЧ ЭХ НУТГИЙН ТӨЛӨӨ” НҮТББ, “БОСОО ХӨХ МОНГОЛ” НҮТББ НАРЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААР
“Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ-ын Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад Аревамайнс ХХК-ийн эзэмшилд байх MV-018916, MV-018915, MV-018914 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байх Кожеговь ХХК-ийн эзэмшлийн XV-020847, XV-0122251, XV-2014722, XV-014478, XV-014429, XV-014017, XV-013912, XV-013908, XV-013907, XV-013871, XV-011946, XV-011921 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/ШЗ2019/9034 дүгээр захирамжаар талуудаас гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, шинжээч томилуулах, гэрч асуулгах, газрын үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд татан оролцуулах, шинжээч томилуулах хүсэлтүүдийг шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид гомдол гаргаж Захиргааны хэргийн дав заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн.
2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр товлогдсон байна.
ИРГЭН С.ЭРДЭНИЙН НЭХЭМЖЛЭЛИЙН ТАЛААР
Иргэн С.Эрдэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг шийдвэрлэх хугацаа дуусаагүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монголын төрд алба хашиж, ажил хийж байгаа бүх иргэн хуулийн хаалга татаж байна гэхэд хэлсдэхээргүй болжээ. Үүнийг шийдэхэд шүүх прокурорын ажилтнууд үнэхээр их ачаалалтай байгаа байхал даа. Гэхдээ зарим хэргүүдийг харахад хэтэрхий удааширч цаг хугацаа алдаад байгаа нь тодорхой байна. Иймээс хуулийхан арай л өөр арга барилаар ажиллах хэрэгтэй байна. Өглөө 9 цагаас орой 18 цагийн хооронд тэгэж ингэж байгаад явчихаад байгаагаас ажил тань дийлдэхээ больжээ. Та нарт цалин, хангамж багадахгүй шүү. Хариуцлага, санаачлага л баглаад байгаа шүү.