ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндоржтой Төрийн ордонд таарч дараах тодруулгыг авлаа. Тэрээр өнөөдөр Байнгын хороогоор хэлэлцэх Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орж ажиллажээ.
ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж:
-ҮХНӨ-ийг УИХ баталсантай холбогдуулж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орж ажиллалаа. Энэхүү хуулиар шүүхийн хараат бус байдлыг хангахгүй бол хүнд байдалд орохоор байна. Түүхэн ирмэг дээр байна. Төслийг харахад 2012 оны түвшнээс асар их ухарсан байна. Шүүхийн тогтолцоог босоо удирдлагатай болгохыг эрмэлзжээ. Ний нуугүй хэлэхэд энэ нь туйлын аюултай. Үүнийг залруулах байх гэж найдаж байна. Ухрах уу, урагшлах уу гэдэг нь өнөөдөр тодорхой болно.
Тухайлбал, шүүхийн захиргаа, шүүн таслах үйл ажиллагаа хоёрыг салгасан нь 2012 оны Шүүхийн багц хуулын амжилт байсан. Гэтэл энэ төсөлд хольж хутгасан байна. Шүүгч захиргааны ажил хийж явахдаа хараат бус байдалд ордог юм шүү дээ.
Мөн, шүүгч алдаа гаргавал дээд шатны шүүгч нар нь хороонд өгч, дүгнэлт гаргуулдгийг сэргээхээр оруулж ирсэн байна лээ. Энэ бол бүр байж болшгүй асуудал. Хэрэв ингэж хуульчилбал доод шатны шүүгч нар дээд шатны шүүгчдээс хараат болно. Ард түмний шүүмжлээд байдаг шүүх ихэс дээдэст үйлчилдэг байдлыг хуульчлах гэж байна.
-17 шүүгчийг чөлөөлөөд, долоог нь эргэн томилсон. Энэ нь шүүх эрх мэдэлд халдаж байна гэж үзэх хүн байна?
-Шүүхийн орон тоо 718 байх ёстой. Гэтэл одоо 502 шүүгч ажиллаж байна. 200 орон дутуу байгаа биз? Яагаад гэвэл төсөв мөнгөгүй байна. Зарим газарт нэг шүүгч хоёр хүний ажил хийж байна. Ялангуяа, Улаанбаатар, Дархан, Орхон аймагт. Гэтэл 21 аймгийн 50 шүүгч жилдээ 7-8-хан хэрэг шийдэж байна. Ажлын ачаалал харилцан адилгүй байна. 200 шүүгч дутуу байхад шүүхийн эрх мэдэл алдагдлаа гэж ярихгүй мөртлөө арван шүүгч байхгүй байхад шүүх эрх мэдэл алдагдлаа гэж ярьж болохгүй шүү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.