Герман улсын Бавари мужид зохиогддог дэлхийн хамгийн том шар айрагны баяр болох Октоберфестыг цуцлах шийдвэр гарчээ. Уг баярт оролцохоор жил бүр зургаан сая жуулчин ирдэг ч олон хүн нэг дор цуглах нь коронавирусийн тархалтыг өсгөх эрсдэлтэй гэж үзсэн байна. Бавари мужийн Октоберфест шар айрагны баяр 210 жилийн өмнө зохиогдож эхэлсэн түүхтэй.
Мужийн захирагч Маркус Содер коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн Европын бүс нутгийн нэг болсон тул олон нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулалгүй хамгаалахын тулд цуцлахаас өөр арга байгаагүй гэдгийг хэлжээ. Баярыг зохион байгуулдаг Мюнхен хотын дарга Диетер Рейтер наадмыг цуцалснаар бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хүнд цохилт болох ч баярын арга хэмжээний үеэр зочид хэт ойр сууж, хамт нэг асарт байх нь өндөр эрсдэлтэй гэжээ. Октоберфест баярыг зохион байгуулснаар жилд тэрбум еврогийн орлого олдог ажээ.
Германы зарим хэсэгт хатуу чанга хорио цээрийн дэглэмийг сулруулж эхэлсэн. Гэсэн ч наймдугаар сарын 31 хүртэл бүх нийтийн арга хэмжээг хориглох шийдвэр гаргасан билээ. Хамгийн анх 1810 оны аравдугаар сарын 12-ны өдөр зохиогдож байсан шар айрагны баярыг энэ жилийн есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-ний өдрийн хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ.
Бавари мужид коронавирусийн халдварын 40,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 1,500 орчим иргэн нас баржээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.