АНУ-ын Миссури мужийн Ерөнхий прокурорын газраас БНХАУ-ын Засгийн газрыг коронавирусийн аюулын талаар дэлхийн нийтэд худал мэдээлэл өгсөн гэж үзэн цар тахлын улмаас амссан эдийн засгийн хямрал, иргэдэд учруулсан гарз хохирлыг нөхөн төлөх ёстой хэмээн шүүхэд зарга үүсгэжээ.
Мужийн захиргаа Хятадын Засгийн газар, эрх баригчид цар тахлыг дэлхий даяар тархсанд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна. Миссуригийн Ерөнхий прокурор Эрик Шмитт Хятадын Засгийн газар Ковид-19-ийн талаар худал мэдээлэл өгөөд зогсохгүй үнэн бодит мэдээлэл дамжуулагчдыг чимээгүй болгож, халдварын тархалтыг зогсооход хэтэрхий бага зүйл хийсэн хэмээн буруутгажээ.
Шүүх байгууллага заргыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байгаа юм. АНУ-ын хуулиар хэд хэдэн шалтгаанаас бусад тохиолдолд улс орнуудын Засгийн газрын эсрэг зарга үүсгэхийг хориглодог байна. Тиймээс хуулийн үндэслэл хамгийн эхний шалгуур байх болно гэдгийг Калифорнийн их сургуулийн олон улсын хууль эрхзүйн профессор Чаймень Кэйтер мэдэгджээ.
Миссури мужийн Ерөнхий Прокурор Бүгд Найрамдах намын гишүүн учир коронавирусин тархалтыг улс төрийн зэвсэг болгон дахин сонгогдох кампанит ажилдаа ашиглаж байна хэмээн мужийн Ардчилсан намын дэд дарга Лорен Гепфольд ярьсан байна.
Мягмар гарагийн байдлаар Миссури мужид коронавирусийн халдварын тохиолдол 6,000 давж, 200 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ha ha yag ogch haragaach