СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2020-04-22

Хямралын дараа ч хэрэг болох чадварууд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Коронавирусийн халдварын үед дэлхий даяар хүмүүсийн ажиллах арга барил, ур чадварт тодорхой өөрчлөлт гарна. .

ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР

Олон компанийн хувьд одоо үүсээд байгаа нөхцөл байдал бол шинэ зүйл. Тааварлашгүй нөхцөл байдал, төсөөлснөөс огт өөрөөр эргэх шийдэл гээд бид бүхэлдээ форс-мажорын цаг үед одоо ажиллаж байна. Үүнийг дагаад бид шинэ нөхцөлд маш богино хугацаанд дасан зохицож, асуудлыг хурдан шийдэж, алдаа дутагдлаа олж харж байна. Ажлын байран дээрээ найман цагийн хугацаанд гүйцэтгэдэг байснаасаа илүү бүтээмжтэй байх, асуудал тулгарах явцад хэн нэгнийг хүлээлгүйгээр өөрөө шийдэхийг эрмэлзэж буй.

ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ ЧАДВАР

Бидний амьдралд, ажилд, ахуйд технологи асар их нөлөө үзүүлж буйг коронавирусийн тархалт улам тод харууллаа. Дэлгэцийнхээ өмнө суугаад л дэлхийн нөгөө өнцөгт суугаа хүнтэй хамт байгаа мэт ярилцах, харилцах гэдэг 100 жилийн өмнө төсөөлөгдөхгүй зүйл байлаа. Технологи өндөр хөгжсөн орнуудын хувьд энэ тийм онцлох зүйл биш ч хөгжиж буй болон буурай орнуудад дижитал шилжилт хүссэн хүсээгүй “хаалга тогшив”. Нас, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвараасаа үл хамааран бүгд технологийн дэвшилд суурилсан орчин цагийн хандлагыг мэдэрч, үүнд шилжих шаардлагатай болж байгааг ойлгов. Энэ хэрээрээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон технологитой найзалж буй. Халдварт өвчний тархалт буурч, дэлхий даяар хэвийн амьдралдаа буцаж ороход бидэнд энэ чадвар, туршлага минь үлдэх нь. 

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ

Ажлын гүйцэтгэл, үр дүнд бүтээлч байдал чухал нөлөөтэйг бид зайнаас ажиллах үед илүү тод мэдэрч байна. Ажлын байран дээрх тогтсон заавар, дүрмийг даган ажиллах үед цаг, хөдөлмөрөө хэмнэх санаачилга, шийдвэр гаргах шаардлага тэр бүр гардаггүй ч байж мэднэ. Хямралын энэ үед бизнесийн модель, ажлын уламжлалт загвараа эргэн харах, сэтгэн бодох, санаачлах, ажлын арга барилаа өөрчлөх, шинэ боломжийг олж харах боломж хүссэн хүсээгүй гарч ирж байна.

ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЛҮҮДИЙГ АШИГЛАХ

Ажил, амьдралын шинэ горимд шилжсэнээр бид үнэн, цэгцтэй мэдээллийн үнэ цэнийг мэдэрч байна. Бас мэдээллийн инфляц буюу хэт их мэдээллийн урсгал, түүний үнэгүйдлийг ч анзаарч эхэллээ. Олон нийтийн сүлжээ хийгээд мэдээллийн уламжлалт хэрэгслүүд болох телевиз, сонин, сэтгүүлийн хоорондын зөрүүг олж харлаа. Баталгаатай эх сурвалж, үнэн, ил тод, шуурхай мэдээлэл гэдэг бидний амьдрал, ажил, ерөөс бусад бүх л зүйлд нөлөөлөх хүчин зүйл гэдгийг мэдэж, үүнийг үр дүнтэйгээр ашиглахад суралцаж байна.

ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАХ

Аливааг олон талаас нь харж, шүүмжилж сурч байна. COVID-19-ийн тархалтын үед олон орны эрх баригчид, эрх бүхий албан тушаалтнууд, аж ахуйн нэгжийн удирдлага бодит байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэх, анхаарал татах, хувийн эрх ашгаа бусдаас дээгүүрт тавих, хариуцлагаас бултах зэрэг үйлдэл гаргаж байгааг бид харж байна. Тиймээс хүссэн хүсээгүй бид нөхцөл байдлыг эрүүлээр харж, голчтой шийдвэр гаргах, шүүмжлэх, аливааг гэнэхнээр хүлээж авахаа болино.

СУРАЛЦАХ ЧАДВАР

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаанд онцолсноор, одоо чухалд тооцогдож буй мэргэжил, чадвар тав таван жилийн хугацаагаар өөрчлөгдөж, ажлын байранд, нийгэмд, хүмүүсийн харилцаанд асар их өөрчлөлт гарсаар байх гэнэ. Тиймээс бидний зайлшгүй эзэмших ёстой чадвар бол тасралтгүй суралцах. Асар богино хугацаанд өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд бид өдөр бүр, тасралтгүй суралцах, үгүйдээ суралцахад бэлэн байх ёстой. Коронавирусийн халдварын үед ч бид хоол хийх, ахуйн асуудлуудаа бие даан шийдвэрлэх, шаардлагатай бол амны хаалт оёж сурах гээд өмнө нь тийм ч чухал биш, бусдыг ацаглаад, мөнгө төлөөд, худалдаж аваад шийдэж байсан зүйлстэйгээ нүүр тулж, суралцаж, туршиж байна.

Х.Инга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.