МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн IV их хуралдаанд зориулсан илтгэлийг шууд дамжуулан хүргэж байна. Тэрээр илтгэлдээ Монголын өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа, иргэний нийгмийн хөгжил, ардчилал, улс төрийн намуудын оролцооны хүрээ хязгаарын тухай асуудлуудыг хөнджээ.
Намын журмын нөхөд өө. Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.
Дэлхий даяар аюулт корона өвчин түгэн тархаж, олон улс оронд нөхцөл байдал туйлын хүнд байна. Даяарчлагдсан дэлхийн улс орнууд хаалга үүдээ хааж, дангааршин оршин тогтнолынхоо төлөө тэмцэцгээж байна.
Манай улсад ч амаргүй цаг үе нүүр тулаад байна. Эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, хил, гааль, онцгой байдал, цагдаа, тагнуул, хэвлэл мэдээллийнхэн гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Улсын онцгой комисс, бүтцийн байгууллага бүгд л цаг алдалгүй чадах бүхнээ хийж байна. Улсын Их хурал ч чухал чухал шийдвэрүүдийг гаргаж байна.
Сөрөг хүчний намууд, нийгмийн зүтгэлтнүүд ч өвчний эсрэг тэмцэж буй бодлого үйл ажиллагаа оновчтой, мэргэн байх, богино, дунд хугацаанд зохистой төлөвлөх, дотоодын эдийн засаг, ахуй амьдралын эрчмээ алдчихгүй, хадгалж үлдэх зэрэгт бүгд л санаа зовж, мөн зарцуулж буй төгрөг бүр шударга, үнэн ба зөв байхыг шахаж, шаардаж байгаа нь зүйн хэрэг.
Аюулт өвчин биднийг Ардын намын гишүүн үү, Ардчилсан намын гишүүн үү, аль эсхүл Үндэсний Ардчилсан намын гишүүн үү гэж огт асуухгүй.Цар тахал хавтгайрвал нам, сонгуульчтийм чухал зүйл биш болохыг бидэнд ойлгуулж байх шиг байна.
Тэгвэл бид хэвийн үед юундаа тэгтэл намчирхана вэ?.
МОНГОЛ ҮНДЭСТЭН, МОНГОЛ ТӨР, МОНГОЛ БОДЛОГО
Өнөөдрөөс яг 100 жилийн өмнө 1920.06.25 Монгол улсын Тусгаар тогтнолыг сэргээж, шашин төрөө мандуулах зорилго бүхий Монголын анхны улс төрийн нам “Монгол Ардын Нам” байгуулагдсан түүхтэй.
Тэр цагаас 70 жилийн дараа, одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны 2 дугаар сард Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, 3 дугаар сард Монголын Үндэсний Ардчилсан Нам анхлан байгуулагдаж ардчилал, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч байв.
2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Ардчилсан Нам, Монголын Уламжлал Сэргэн Мандалын Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Шашинтны Ардчилсан Нам гэсэн ардчиллын төлөөх 6 нам нэгдэв. Ардчиллыг хамгаалах, ололтыг баталгаажуулах, Монгол улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилгыг удирдлага болгов.
2006 оны 5 сард Үндэсний Шинэ Нам байгуулагдав. Ардчилал анархизм болж эмх замбараагүй байдал, шударга бус байдал газар авч байгаад шүүмжлэлтэй хандаж, ардчиллыг үүрэгжүүлэн, хариуцлагажуулах, үндэсний уламжлал, төрт ёсны уламжлалаараа баяжуулах, нийгмийн шударга ёсыг сэргээх зорилгыг удирдлага болгож ирсэн. Манай намынхан үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, нийгмийн харилцааны баялгийг түгээх, хуваагдал, талцлыг арилгахын төлөө, үнэн зөв ардчиллыг хөгжүүлэхийн төлөө хатуу зогсож, авлигын эх булаг болсон коммунист маягийн олон түмний, масс нам болохоос ухамсартайгаар татгалзсан юм.
Их Монгол улсаа байгуулсаны 800 дахь жилийн ойгоор байгуулагдахдаа гишүүдийн хойноос хөөцөлдөхгүй гэдгээ зарласан цорын ганц нам бол Монгол Үндэсний Ардчилсан нам билээ
Манай нам 1990 оны ардчилал шинэчлэлийн үед коммунист маягийн улс төрийн намын бүтцээ өөрчлөлгүйгээр олон намын тогтолцоонд орсны гор нь иргэний ардчилсан улс бус, намчирхсан хуваагдлын талбар болсон тухайд онош тавьсан юм.
Нийгэмд улс төрийн намуудад үзэл баримтлал алга, зөвхөн эрх мэдэлд горилогсдын бөөгнөрөл мэтээр ярьдаг. Харин Үндэсний Ардчилсан нам бол үндэсний үзлийг тугаа болгож, Их Эзэн Чингис хаан, төрт ёс, түүхэн уламжлалаа эрхэмлэн дээдлэх үзлийг тунхаглан Монгол төрийг урлан бүтээхээр нэгдсэн сэхээтнүүдийн нэгдэл байсан юм.
Үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзлийг тулгын гурван чулуугаа болгосон улс төрийн намыг байгуулсан нь тохиолдлын байгаагүй. Энэ бол буурал түүхээ үнэн зөвөөр ойлгож, өвөг дээдсийн оюун ухаанд шимтэн дэлхий ертөнц болон улс орны дотоодод болж байгаа үйл явдлыг үндэсний үзэлээршүүн тунгааж түүнийгээ улс төрийн үзэл баримтлал болгох их зорилт тавьсан улс төрийн анхны нам байлаа.
Өнгөрсөн хугацаанд МҮАН “үндэсний үзэл”-ийг улс төрийн эргэлтэд оруулж чадлаа. Монголд “олигархын засаглал” тогтсон тухай, Ардчиллын хямралын тухай, “Эдийн засгийн алуурчин”, “улс төрийн алуурчин” зэрэг улс төр, геополитик, геостратегийн ойлголтуудын эсрэг “үндэсний эрх ашиг”-ийг сөргүүлэн тавьж, “5-р Шинэ Үндсэн хууль”- бүтээх санаачилга гарган анхны төслийг бичин олон түмэнд толилуулж, Үндсэн хуулиа үндэсний үзлээр бүтээх Төр улсаа бэхжүүлэх тухай, монгол туургатны хувьд Монгол улс “Сүлд улс байх” тухай концепцийг МҮАН анхлан тавьсанюм.
МҮАН-ын өмнө Монгол үндэстэн өөрийгөө бусадтай харьцуулан шинээр ухамсарлан таньж мэдсэн, Төр улсаа Үндэстэн-улсын хэмжээнд авч явахыг ухаарсан, Монгол орон шилжилтийн үеэ нэгэнт ардаа орхиж, социализм, зэрлэг капитализмын тарыг таньж системийн өөрчлөлт хийх босгон дээр ирснийг цаг алдалгүй олон түмэнд ойлгуулах явдал чухлаар тавигдсан юм.
Манай намаас өнөөг хүртэл боловсруулан, нийгмийн давхрагуудад хандаж, ярьж, хэлэлцүүлж байсан санаануудыг системтэй, төрийн үзэл сурталболгох хэрэгцээ шаардлагатай болсон байна, цаг тохироо ч бүрдэж байна гэж үзэж байна.
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БА “МОНГОЛ ИРГЭНШИЛ”-ИЙН ТУХАЙ
Үндэсний аюулгүй байдал гадны соёлын довтолгоо, гадны эдийн засгийн түрэлттэй холбоотой ч хамгийн ноцтой нь Монгол төрийн сулрал, монголчуудын оюунлаг хэсгийн хуваагдал, идэвх санаачилгагүй байдал, тэдний нэгдэл нягтралгүй байдал, “бүтээлч цөөнх” нь ард түмнээ дагуулах чадваргүйгээс үүдэлтэй болохыг олон судалгаа харуулж байна.
Брексит, Итали, Грекийн асуудлууд, Корона вирус дэлхийн улс орнуудыг харилцаа холбоо хаагдсан үед амьдарч сурах шаардлагатайг ойлгуулах хэмжээний үр дагаварыг агуулж байна. Тэр бүү хэл улс дотроо ч аймаг, сум бусдаас хамаарал багатайгаар амьдарч сурах, нэг, хоёр жил тэсээд гарах ахуй, амьжиргааны чадвартай байх, наад захын хэрэгцээгээ хангах нөөц, чадамжтай байх ёстойг мэдрүүлснээрээ бидэнд сургамжтай юм.
Энэ бүхэн бас л үндэсний үзэлтэй хамаатай. Үндэсний баялгийг бүтээх, нөөцийг бүрдүүлэх, дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх Төр улсын нандин эрдэнэ болсон өрх гэр бүлийг хүчирхэг болгох. Улмаар баг, хороо, сум, дүүргийг амьдарч чаддаг болгох асуудал онцгой чухал.
Хувь хүний эрх чөлөөг чухалчлахаас төр улсууд чадварлаг байх нь дэлхийн ирээдүйн хөгжилд илүү дөхөмтэй, 7 тэрбум эрх ярьсан иргэд ойлголцохоос, иргэдээ хариуцах 200 гаруй төр хоорондоо ойлголцох, зохицуулалт хийх нь амар гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Чухам ийм учраас л бусад орны төрүүдтэй эн тэнцэх, бүр илүү гарах хурдтай, чадварлаг Монгол төртэй болох асуудал Монголчуудын нийтлэг эрх ашиг юм. Тэгж байж чадварлаг өрхийн ч тухай, хүчирхэг хүмүүсийн ч тухай мөрөөдөл биелэх боломжтой.
АРДЧИЛАЛ БОЛОН НАМУУДЫН ТУХАЙ
Аль ч нам хэрэггүй. Аль ч намд итгэхгүй. Энэ бол өнөөгийн Монголын нийгмийн нэгээхэн дүр зураг. Гэхдээ ийм хандлага газар авах нь тун осолтой. Олон намын тогтолцоогүйгээр ардчилсан төрийн тухай бодох ч хэрэггүй болно. Ардчиллыг хүсэмжилж байгаа бол намууд оршин байх нь гарцаагүй. Харин намуудыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг л тулгамдсан асуудал болж байна.
Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон бусад намууд ардчиллын эхэн шатанд үндэстнийхээ мэдрэмж, ашиг сонирхлыг өөртөө тээж байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч ардчилал гүнзгийрч, зах зээл өргөжин эдийн засгийн байдал дээрдэх тэр хэмжээгээр үнэлэмжээ өнгө мөнгөөр сольж том намууд үндэстнийхээ эрх ашгаас улам бүр холдож олигархжиж байна.
Коммунист бүтэцтэй масс намууд бүтцээ ашиглан мөнгөтэй л бол худалч, хулгайч хэнийг ч төрийн сэнтийд хүргэдэг конвейр болсон байна.. Бас хүний олноор авлигач түшмэдийг халхавчилдаг, хамгаалдаг, гэмт хэрэгтнүүдийг орогнуулдаг нуувч болж хувирав.
Төр улсаа хөгжүүлэх үзэл баримтлалын эрүүл өрсөлдөөн намуудын дунд алга болов. Улс төрийн намууд улам бүр бизнес бүлэглэлд төвлөрсөн хар амиа хичээгчдийн цугларалт болж хувирч байна. Энэ бол ардчилал жинхэнэ утгаа алдагдаж байгаагийн илрэл юм.
Өнөөдөр Монгол оронд үзэл баримтлалын чиг баримжаагаа тод томруун төсөөлсөн улс төрийн хүчин үгүйлэгдэж байна.
Улс төрийн намууд шинэчлэгдэх явцдаа ямар нэг хэмжээгээр үндэсний ухамсар, үндэсний ардчилсан үзэл санааг эрж хайж байна. Намуудын шинэчлэлийн чиг шугам нь эхний шатанд харь үзлээс салах явдал бөгөөд улс төрийн намуудын түвшинд гадаадынхны хэрэгжүүлдэг бүх төрлийн сангуудын тусламж, “тархи угаалт”-аас татгалзах явдал мөн.
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАХУУЛЬЧЛАГДСАН ХУВААГДАЛ
Манайд төсвийн дотацгүй амьдарч чаддаг сум хэд билээ? Өөр хоорондоо хөгжлөөрөө уралдах ёстой 330 сумд дотроо Ардын нам ялах уу, Ардчилсан нам ялах уу гэдэгт хамаг нөөц, хөрөнгө мөнгө, хүн хүчээ зарж, үрэн таран хийж, цацаж ирсэн нь өнгөрсөн 30 аад жилийн түүх юм.
Үндэсний Ардчилсан намын гишүүд намгүй сум дүүрэг хөдөлгөөнийг 2015 онд санаачилж, орон даяар ажилласан. Их талцлын үр хөврөл болсон орон нутгийн намчирхлыг саармагжуулж чадваас төрийн бодлого тогтвортой байх, бүтэц, бүрэлдэхүүн, боловсон хүчин тогтвортой байх суурь нөхцөл аажмаар бий болох юм.
Хөгжингүй орнуудад сонгуулийн насны иргэдийн 5 орчим хувь нь нам, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Харин Монгол улсад 30 орчим хувь, сонгуулийн үеэр 50 хувь нь шууд ба шууд бусаар намчирхал, улс төржилтийн идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг нь улс даяараа амжиргаа, ахуйгаа мартан хийрхэн намчирхдаг, улс төрийн үйл ажиллагаанд хамрагддаг болж таарч байна.
Японы 30000 сумд, Грекийн Дима, Испанийн Алькалдын зөвлөл, Латвийн Сейм, Польшийн гмина, АНУ-ын обшин, Английн коммунд намчирхал, талцал үгүй ажээ.
Монгол төрд шинэчлэл хэрэгтэй гэдэг нь бүх талаасаа ойлгомжтой асуудал юм. Шинэчлэл гэдэг нь муу хүнийг сайн хүнээр солих, хүний хүнийг өөрийн хүнээр солих төдий асуудал бишээ.
Энэ бол нэг намын бус, нийт Монголчуудын хүсэл, эрмэлзэл төрийн бодлого болдог, баталсан бодлого баараггүй хэрэгждэг байх тухай асуудал юм. Монгол төрийг ээлжлэн намын байр луугаа чирж оруулан ашигладаг бус намууд Монгол төрдөө үйлчилдэг. Бодлогоо уламжилж, боловсон хүчнээ санал болгодог тогтолцоонд шилжих тухай асуудал билээ.
Олон намын өрсөлдөөнийг парламентын түвшинд хязгаарлая. Аймаг, сумдад улс төрөөс ангид орон нутгийн өөртөө засах удирдлагыг хэрэгжүүлэх нөхцлийг бий болгоё. Ингэж байж бид ардчиллын суурь багана болсон иргэний нийгэм хөгжих бололцоог нээж, хөрсийг уриншуулах юм. Тоталитар намуудын өрсөлдөөний дундаас намаас ангид, хараат бус төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, нутгийн зөвлөл, спорт, соёлын холбоод, бизнесийн холбоо, салбарын мэргэжлийн холбоод байх боломжгүй гэдгийг ухаарах цаг болжээ. Том гэгдэх намууд сонгогчдын саналын уралдаанд оролцохдоо шашны ёс бус сектүүдийг хүртэл хойдын үр дагаврыг ухамсарлахгүйгээр дэмжих болсон нь Монголчуудын оюун санаанд хорт хавдрын үр шимийг суулгах боллоо.
Энэ бүхэн улс төрийн намуудын байх ёстой байр, оролцох оролцооны хүрээ хязгаарыг зайлшгүй тодруулж өгөх шаардлагатайг харуулж байна.
Саяхан бид Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндэсний ардчилсан намын даргын хувьд Үндсэн хуулийн ажлын хэсэгт орж ажиллан төслийн эхийг бэлтгэх явцад огт тусгагдаагүй байсан байгалийн баялгийн тухай, баялгийн сангийн тухай, төсөв, хөрөнгийн хараат бус хяналтын тухай, намуудын эвслийн тухай заалтуудыг оруулахад онцгой анхаарч ажилласны дүнд энэ бүхэн хуульчлагдаж баталгаажлаа. Гэхдээ гарах үр нөлөө нь дагалдан гарах хуулиудаас шууд хамаарах юм. Жишээ нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеээр орон нутгийн иргэдээс хамгийн их ирсэн санал бол намчирхлыг саармагжуулах байлаа.
Үндэсний Ардчилсан намаас энэ асуудлаар олон удаа санал гаргасан. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн төсөлдНамчирхлыг саармагжуулах гэсэн бүхэл бүтэн бүлэг орсон байсан. Харамсалтай хэвлэх бүрдээ нэг нэг үгээр хасч өөрчилсөөр энэ бүлэг бүхэлдээ алга болсон. Үр дүн нь УИХ-ын 2020 оны 1 сарын 30-ны хуралдаанаар баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль бүхэлдээ орон даяар нам, эвслүүд талцан тэмцэлдэх тухай хууль болсон. Энэ бол намчирхалд манай эрх мэдэлтнүүд, сэхээтнүүд, намчдын нүд харалган, чих дүлий болсны тод жишээ юм.
Үүнийг би хуульчлагдсан хуваагдал гэж нэрлэж байгаа.
Гегель, Локк, Токвилл, Штейн нарын боловсруулж амьдралд хэрэгжүүлсэн иргэний нийгмийн тухай суурь онолын яг эсрэг. Улс орныг хуваан захирах гадны төлөвлөгөө байвал хамгийн сайн хөрс бэлтгэгдлээ. Монгол Улс иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилтоо уландаа гишгэлээ. Үүнийг 1992 оны Үндсэн хуулийг батлагчид болон онолчдын тайлбараар нотлохыг хичээе.
Нэг. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Чимид багш маань эмхэтгэсэн Үндсэн хуулийн эрх зүйн тайлбар толиндоо орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэдгийг / Б.Чимид х.168/
“Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн олон салаа мөчирт нийгмийн байгууллагаар илэрдэг засаг төр гэдэг нийгмийн давхраа сүндэрлэж байх сацуу, тэрхүү эрх мэдлийн ундарга болж, эцсийн дүнд түүнийг “мэдэж” байдаг Монголын иргэд нийлээд “иргэний нийгэм” гэж байгууллагыг бүрдүүлдэг. Иргэний нийгмээ дарангуйлдаг төр байх уу?, Төрөө мэддэг иргэний нийгэм байх уу? гэдэг бол ардчиллын гогцоо асуудал бөгөөд жич яривал зохих төвөгтэй асуудал гэдгийг дурьдахын ялдамд иргэний нийгэмд тус тус хамт олны амьдралын асуудал бас буйг цохон тэмдэглүүштэй. Тийм асуудлаа төрийн дарамтгүйгээр өөрсдөө шийдэхийн тулд төрийн бус өөрсдийн байгууллага бий болгодог, түүнийг ИТХ, ИНХ гэж нэрлэсэн хэрэг. Иймд эдгээр хурал “иргэний нийгэмд” шууд хамаардаг учир иргэний байгууллага мөн.”гээд \х.192\ 4.1.1-д Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ялангуяа сум/-ын сонгуульд төвөөс, намаар дамжин төрөөс хутгалдан, дарамт үзүүлдгийг хориглож хүмүүс нутаг дэвсгэрийн хамт олон ... хувьд өөрсдөө зохион байгуулж, мэдэж, өөрсдийн хүссэн хүнээ төлөөлөгчөөрөө сонгодог нөхцөл бүрдүүлэх нь чухал” гэсэн байдаг.
Хоёр. Эрх зүйн боловсрол академаас 2009 онд гаргасан Үндсэн хуулийн тайлбарын 260-р хуудсанд “Иргэдийн хурал тодорхой нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “нутаг дэвсгэрийн” асуудлыг хамтдаа шийдвэрлэх “хамтын удирдлагын”, засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавигч “хяналтын” нутаг орны өмнөх асуудлыг шийдвэрлэх “шийдвэр гаргагч” байгууллага бөгөөд нэгтгэж үзвэл “орон нутгийн эрх барих байгууллага болох юм.” гэж тайлбарласан байна. Ялсан намын байгуулдаг төрийн удирдлагыг тухайн намуудын гишүүд “хяналт тавих” нь логикийн болоод практик боломжгүй юм.
Гурав. Хэл зүйн хувьд үгчилэн тайлбарлавал “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.” гэж заасны “хослуулах” гэдэг үгийг Монголчууд “Хар цагаан”, “эр эм”, “арга билэг” гэх мэтээр эрс тэс бус ч ижил төстэй бус гэдгээр хоёр өөр зүйлийн хамтаар орших хэлбэр гэж ойлгож, ярьж ирсэн байна. Энэ нь байгуулагдах арга хэлбэрийн хувьд өөр байна гэсэнтэй агаар нэг юм. Төр улс төрийн намаар дамжин байгуулагдахаар Үндсэн хуулинд хуульчлагдсан, тэгвэл хослох байгууллага нь намгүйгээр байгуулагдах ёстой болж таарна.
Дөрөв. “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-г намын төлөөлөгчдийн хурал гэж хоёрдмол утгаар ойлгох боломжгүй билээ.
Тав. “Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэдгийг түүхчилж /угчилж/ тайлбарлавал:
Иргэний нийгмийн тухай үзэл санааны анхлан сэдэгчид, төрийн үндэс суурь, бас түүний дур зоргыг хязгаарлан тогтоогч хүч, иргэний нийгэм хувийн ашиг сонирхлыг, төр нийтлэг ашиг сонирхлыг уриа болгодог, хувийн болон нийтлэг ашиг сонирхол дан ганцаар хэзээ ч үл оршино, үл хэрэгжинэ гэсэн нэгдмэл байр суурьтай байсныг төвөггүй харж болно.
Эрдэмтэн А.Токвиль өөрийн бүтээлдээ “Засаглалын анхдагч үндэс нь төр улс, тэр ч байтугай ард түмэн биш, харин өөрсдийн хувийн хэргийг өөрсдөө зохицуулж, сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие хүмүүс мөн” хэмээн тэмдэглэсэн байна.
Английн философич Джон Локк “...улс төрийн болон иргэний нийгэм хоёул нийгмийн гэрээний үр дүн” гээд иргэний нийгмийг төрд тэдгээрийг сөргүүлэн тавьж, засгийн газар, иргэний нийгмийн хоорондахь ялгааг тодруулахыг оролдсон байна.
Германы философич Гегель хувийн ашиг сонирхлыг хувь хүн, иргэний нийгэм, харин нийтлэг ашиг сонирхлыг төр, улс төрийн нийгэм, төлөөлдөг учир, төр, иргэний нийгмийн хоорондын хил хязгаарыг хатуу тогтоох санаачилга гаргасанд түүний гавъяа оршдог гэх зэргээрномлож байсан нь төр, иргэдийн хурал хоёр нь өөр өөр зарчмаар байгуулагддаг харилцан биесээ хянаж, тэнцвэржүүлж байдаг, харьцангуй өөр өөр чиг үүрэгтэй байгууллага болох нь харагдаж байна.
Зургаа. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь тухайн орон нутгийн уугуул иргэд, оршин суугчид өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээний асуудлыг өөрсдөө бие даан хэлэлцэн шийдвэрлэх ардчилсан иргэнлэг нийгмийн илэрхийлэл мөн гэж тодорхойлж болно.
Монгол улсад төр, иргэний нийгэм хоёул улс төрийн намаар байгуулагддаг нэг л эх сурвалжтай болоод удаж байна. Төрийн эрх мэдлийн төлөө уралддаг нь улс төрийн намуудын гол зорилго бөгөөд үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж хэлбэржиж, хуульчлагдсан байдаг. Харин иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намаас ангид байж, бие даан, тогтвортой хөгжих нь Кантын иргэний нийгмийн тухай сургаальдаа тодорхойлсноор эрх чөлөө, нийгмийн хөгжлийн жам ёсны төлөв байдалтай холбон үзэх хэрэгтэй болдог. Монголчууд бидний арга билэг, түүний зохицол лугаа адил юм.
Монгол улсад иргэний нийгмийн байгууллага гэдэгт сум, дүүрэг зэрэг орон нутгийн хурлуудаас гадна, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, салбарын болон сонирхлын нэгдлүүд мөн нутгийн зөвлөл ч багтана. Харамсалтай нь иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийн тухай 20 гаруй жил яриад, хэлбэржиж, хөгжиж, төлөвшиж чадахгүй байгаа юм. Төрөөр бэхжсэн намуудын хүчирхийлэл дор иргэний нийгмийн байгууллага хөгжих боломжгүй байдаг байна.
Шалтгаан нь маш энгийн бөгөөд ардчиллыг ч тэр, иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлье л гэвэл улс төр, намуудын зохист хэмжээнээсээ давсан оролцоог хязгаарлах ёстой аж. Ийм оролдлого европын болон бусад олон оронд байнга өрнөдөг гэнэ.
ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТУХАЙ
Улс төрийн систем, тогтолцооны өөрчлөлт эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдаатай байх болно.
Хөгжлийн хөтөч байгууллагын тухай, дундардаг баялгаа хэрхэн ундардаг баялаг болгох уламжлалт аж ахуйн хүрдээ эргүүлж, Хөгжлийн хүрд болгох тухай,
Бүсчилсэн, тэнцвэртэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, Нэг бүс нэг кластер, нэг аймаг нэг салбар, нэг сум нэг бүтээгдэхүүн”, “Шинэ хөдөө-Шинэ нийслэл” хөтөлбөрийн тухай, Банк, санхүүгийн Хүүлдэг тогтолцоог хөгжүүлдэг тогтолцоонд шилжүүлж, хэрэглээ- импортын эдийн засгаа хийж- экспортлодог эдийн засагт шилжүүлэх тухай, энэ чиглэлд Монгол хүнийг бэлдэх, Төр улсын амин эрдэнэ гэсэн Өрх гэрийг хүчирхэгжүүлэх тухай Чингис хааны сургаалийг мөрдөх тухай “Амьжиргаатай- Авъяаслаг- Аугаа” Монгол боловсролын хөтөлбөрийн тухай олон зүйлийг ярьж болох ч парламентийн гаднах нам байтугай, эрх баригчдын хөтөлбөр ч тогтвортой мөрдөгдөх эрх зүйн орчин бүрдээгүй нөхцөлд хоосон мөрөөдөл төдийн болохыг ухамсарлан энэ удаад хойш тавих нь зүйтэй гэж бодном.
Нэн тэргүүний асуудал бол төрөө урлан бүтээх нь хөгжлийн суурь асуудал мөн. Гэвч улс төрийн намууд төлөвшиж, Монгол Төр цэгцэрч чадаагүй байна. Үндэсний үзэл улс төрийн ихэнх намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд нийтийн болоод хэвлэл мэдээллийн эргэлтэнд орсон ч Монгол төрийн үзэл суртал болох яагаа ч үгүй байна.
Үндэсний үзлээр иргэдээ нэгтгэх хоёр л зам байна. Нэгд. Улс төрийн намын оролцоог парламентаар хязгаарлаж, орон нутаг дахь намчирхлыг саармагжуулах замаар нэгдсэн цул иргэддээ чиглэсэн үндэсний үзлээ төрийн үзэл суртал болгох, Хоёрт. Эрх мэдэл төвлөрч захиргааны хүчээр үндэстнээ нэгтгэх.
Манай намын идэвх санаачилгаар улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалтууд хэвшиж, нийгмийн өөрчлөлтийн талаар ойлголт зорилго нэгдмэл болсон билээ. Харамсалтай нь зарим улс төрчдийн явцуу бодлого, МАН, АН-ын идэвхтэй оролцоотойгоор ирэх сонгуульд цөөнгүй улс төрийн хүчин оролцохоор байна. Энэ нь МАН, АН-ыг дэмжин сонгуульд оролцдог тогтвортой механизм нэгэнт тогтсоны бодит дүр зураг мөн. Ийм байдлаар л бид МАН, АН-ыг 30 жил төрийн сэнтийд залж, Монголын нийгмийг ийм байдалд хүргэсэн юм.
СОНГУУЛЬ БА ИРЭХ 30 ЖИЛ
Энэ удаагийн сонгууль бол МАН, АН-ын жирийн гишүүдийн ухаарлын сонгууль юм. Төрийн эрх мэдэлд ойр байж, төр, нийгмийн амьдралд идэвхтэй байр суурь эзэлж байсан МАН, АН-ын идэвхтнүүд, мянга мянган жирийн гишүүд ухаарч нийгмээ өөрчлөхөөр, авлигач дарга нар, идээчин, угаачин, хувиа хичээсэн, бирднүүдээсээ хагацахыг зоривоос улс төрд шинээр агаар орж, нийгэмд суурь шинжтэйолон өөрчлөлт гарах болно.
Үндэсний Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд оролцохоор 20 гаруй намыг хамтран ажиллахыг уриалж, өнөөгийн байдлаар 10 гаруй нам хамтран ШИНЭ ЭВСЭЛ-ийг байгуулан сонгуульд оролцохоор болоод байна.
Манай Эвслийн нэр дэвшиж сонгогдсон хүмүүсийн хамгийн эхэнд өргөн барих хууль бол намчирхлын савраас орон нутгийг аврах хууль байх болно. Энэ бол ард түмнээ нэг, цул болгох түүхэн алхам билээ. Ингэж байж бид хараат бус иргэний нийгмийн тухай, Үндсэн хуулинд туссан иргэний ардчилсан нийгмийн тухай, бизнесийн тогтвортой хөгжлийн тухай ярьж эхлэх боломжтой болно.
Манай эвсэлд орсон намууд ялангуяа УИХ-ын гишүүн ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар ч Улс төрийн намуудын тухай хуулинд энэ чиглэлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаар болоод байгаа билээ.
Монголоо үйлдвэржүүлж, Монголчуудаа ажлын байраар бүрэн хангаж, 1000 долларын цалинтай болгох тухай 20 гаруй жил зүтгэсэн Жаргалсайхан даргатай Бүгд Найрамдах нам, нийгмийн шинэчлэлийн уухай болон гарч ирж буй Үнэн ба зөв нам, Үндсэн хуулийн шинэ өөрчлөлттэй хамт, нийгэмд шинэ дэг журам, шинэ хандлагыг тогтоохоор байгуулагдсан Шинэ намтай хамт Үндэсний Ардчилсан нам, нийгмийн шинэчлэлийн төлөө бүх улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд, дэвшилтэт бүх иргэдийнхээ хамтаар Шударга ёсыг тогтоож, үндэсний эрх ашгаар засаглах зорилгод нэгдээд байна.
Монгол улс төрийг ээлжлэн зайдагнасан тоталитар намуудтайгаа царцах уу, нэгдмэл ард түмэнтэй, нэгдсэн бодлоготой хэрэгжүүлэх арга замаараа уралдсан намуудтай иргэний хөгжингүй улс болох уу гэдэг зааг дээр оршиж байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль бол бидний Монголчуудын өнгөрсөн 30 жилд дүн тавьж ирэх 30 жилийн өнгийг тодорхойлох сонгууль юм.
Намуудын гишүүдээ тэжээдэг улс байх уу, нийт иргэдээ тэтгэдэг улс байх уу гэдгээ шийдэх сонгууль. Хөгжих үү Үлдэх үү хоёрын зам салах Их эргэлтийн сонгууль юм.
Мөнх Хөх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.