Гэрч, хохирогчийг хамгаалдаг тангараг хаана зөрчигдөв өө
“Д.Сүндийг дэмжигчдийн хуудас” нэртэй цахим хаяг ойрын өдрүүдэд фэйсбүүк хэрэглэгчдийн дунд эрчимтэй тарав. “Нэткапитал” ББСБ-ын эзэн гэгддэг энэ залуу ирэх парламентад тойрог горилж, залуу лидерийн хомсдолд орчихсон улс төрийн хүрээлэл рүү өнгийж, нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй. Боловсролтой, зарчимч, буяны үйлстэн, сайн программист, технологийн дэвшлийг ашиглагч, яггүй толгойтой, шаггүй удирдагч гэх мэтээр бусдад өөрийгөө ойлгуулж амжив. Цахим орчинд завсаргүй рекламдав. Энэ сурталчилгаанд нь олон хүн итгэж, цөөн хүн эргэлзсэн нь үнэн. Дулаахан инээмсэглэсэн, даруу нь дэндсэн төрх бүхий зурагт хуудсууд хөвөрч, “Сүндий сан” гэх бичигтэй даавуун хар хөх тор үүрсэн настайчууд голцуу хүмүүс хаа нэг гудамжинд таардаг болов. Яг Сүндий шиг залуус л Монгол Улсыг хөгжүүлнэ, Сүндий шиг алдар нэр цэвэр бол, түүн шиг насандаа баймгүй хөдөлмөрч, гярхай бол УИХ-д нэр дэвших сэн, төрийн түшээ болоход мөн ч ойрхон байна даа гэх сэтгэгдлүүд ил, далд хөвөрсөн.
Гэвч нэг л өглөө бидний өмнө аймшигт яргачин, хүчирхийлэгчийн хавтаст хэрэг задарчихав. Д.Сүндий гэгч хэн бэ гэх үнэнийг түүний эхнэрийн цагдаад мэдүүлсэн нотлох баримтууд яриад өгчихлөө. Тэр бол нийгмийн хамгийн том нэгж болох гэр бүлд заналхийлэгч, хүчирхийлэгч, яргачин, амин хувиа хичээх үзэлтэн, дарангуйлагч юм байна. Энэ бүхэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст гаргасан түүний эхнэр болох Н.Ундрахын гомдол, мэдүүлгээс шууд харагдав. Гэрийн эзэгтэй Н.Ундрахын гомдлоос цухас дурдвал, “Миний бие нөхөр болох Доржрэнцэнгийн Сүндийд зодуулж, хавирга хугарч, зөөлөн эд хөхөрч хавдаж гэмтсэн. Хоёр нүд бүрэлздэг болсон. Гуя, цээжин тус газартаа хугарал, няцралтай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэлд өртөж, дарамтанд амьдарч байсан тул зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Өргөдөл гаргасан Н.Ундрах 2019.3.25” гэх мэтээр дэлгэрүүлжээ.
Энэ бол хань нөхөртөө хавиргаа хугартал зодуулсан хүний гомдол. Цагдаад итгэж ярьсан, бичгээр үйлдэхэд нь тухайн үед болсон үйл явдлыг тун тодорхой тоочсон хохирогчийн мэдүүлэг. Дээрх гомдлын дагуу 2019.3.31-ний өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай (Хэрэг бүртгэлтийн дугаар 191000792) мөрдөгчийн тогтоол гарчээ.
Тогтоолыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав үйлдсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Баттөр (2019 оны гуравдугаар сарын 31-ний өдөр) , Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэнд нар хянасан байгаа юм.
Ингэж болох уу, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав аа. Таниас асууя. “Хавтаст хэрэг ил болж, нотлох баримт нойлын цаас шиг гараас гарт дамжигдаж болох уу. Эзэн холбогдогч нь өмөөрөх өнцөггүй хүчирхийлэгч ч гэлээ олон нийтийн сүлжээнд нээлттэй хэлэлцэгдэж байгаа хавтаст хэргийг хаанаас, хэн гэгч ил болгов гэдгийг бид хөндөж байна. Учир нь, тангараг өргөсөн цагдаа иргэний мэдээллийг нээлттэй цуглуулсан л бол түүнээ хуулийн хүрээнд чандлан нууцлах ёстой. Баримт ямар үед ил болдог вэ гэх асуулт эрхгүй ургаж байна.
Миний л уншиж судалснаар бол тухайн баримт шүүхээр эцэслэн зөв, буруу нь тогтоогдвол ил болж болно, хоёрдугаарт, хаалттай мэдээллүүд учраас хохирогчийн хүсэлтээр ил болж болохоор харагдаж байна.
Хүний хувийн мэдээллийг бусдад баримтжуулан хадгалуулах, дамжуулах, хуулбарлуулахыг хориглодоггүй сэн бил үү, С.Баатаржав дарга аа. Алхам тутамдаа хүнээ хамгаалж, нууцыг нь тээх үйлсэд зүтгэх учраас л цагдаа “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээдэг. Энэ тангараг хаана зөрчигдөв.
Үүнийг бичигч би бээр цагдаагийн алба хаагч, бие бүрэлдэхүүнд ямагт талархдаг гэдгээ онцолъё. Ажил үүргийн хуваарь, ачаалал, дарамтыг нь ойлгож, хүндэтгэдэг. Харуул манаа, үүдний жижүүр нь хүртэл ус балгачихсан мэт байдаг нь өнөөх нууцыг чандлан хадгалах хатуу дэг ёстой нь холбоотой. Гэтэл иргэдийг бухимдуулж, цахим орчинд хэрүүлийн алим болж буй Д.Сүндий, Н.Ундрах нарт холбогдох гомдол, хавтаст хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн материалыг хэн дуртай нь задалж, нийтээр эрүүдэн шүүж болох байсан бол хохирогч Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст хандах хэрэг байсан уу. Өөрийн цахим хуудастаа асуудлаа яриад олны анхаарлыг татаж болох байсан. Тодруулбал, хохирогч Н.Ундрахын хүссэнээр мэдээллийг ил болгосон уу гэдэг асуулт өөрийн эрхгүй энэ үйл явдлаас ургаж байна. Учир нь, дээрх хавтаст хэрэгт хохирогчийн бүхий л мэдээлэл ил байгаа бөгөөд утасны дугаар, эрүүл мэндийн нөхцөл байдал, гэрийн хаяг, тухайн өдөр болсон явдлыг тун нарийн мэдүүлсэн гомдол багтжээ. Энэ бол нэг хүний эрх ашгийн тухай ядмагхан ойлголт биш гэмээр байна. Нийт олны хуулиар хамгаалуулах эрх энэ мэт хэн нэгний захиалгаар зөрчигддөг байж болзошгүйг Д.Сүндийгийн гэх хавтаст хэргийн дуулиан харуулж байна.
Уг нь бол гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор энэ бүхэн хаалттай мэдээлэлд багтах ёстой. Гэтэл тэгсэнгүй. Хэн дуртай нь хохирогчийг элдэв сэтгэгдлээр шүүж байна. Үүнээс болж хохирогч Н.Ундрахад бие, сэтгэлийн дарамт ирж байгааг үгүйсгэх аргагүй. Түүний нөхрийнхөө эсрэг өгсөн мэдүүлэг бүрэн эхээрээ цахим орчинд дэлгэгджээ. Д.Сүндий гэх хүчирхийлэгч нөхөр нь хохирогчийг бүх талаар нь дарамтлах, улмаар амь нас, эрүүл мэндийг нь дахин хохироох ч нөхцөл үүсэж болзошгүй. Хүчирхийлэлд хил хязгаар гэж үгүйг та мэддэг л баймаар. Хэдийгээр өчигдөр Д.Сүндийгийн эхнэр Н.Ундрах АНУ-аас цахимаар мэдээлэл өгсөн ч олон нийтэд нээлттэй болсон хавтаст хэрэг, баримтыг үгүйсгээгүй. Тэрбээр “Энэ бүхнийг охин минь харвал яах вэ. Настай ээж минь уншвал яах бол. Бидний гэр бүлийн харилцааг шүүмжлэхээсээ өмнө миний оронд өөрсдийгөө тавиад үзээч” гэж байна билээ.
Хүчирхийлэл дунд төдийгөөс өдий болтол бие, сэтгэлээрээ хохирсон эмэгтэй хүн үүнээс өөр юу гэж хэлэх юм бэ. Гэр бүлийн хүчирхийлэл дунд яахаа мэдэхгүй мухардаж яваа эмэгтэй хүнээс “Тийм ээ, тэр намайг зоддог, харддаг” гэж олон нийтэд шударга хэлэх зориг гардаггүй юм аа. Тийм ч учраас Н.Ундрах бүсгүй Д.Сүндий гэх нөхрийнхөө даалгавар, заналхийлэл, дарамтаас тойрох, зугатах боломжийг л эрэлхийллээ. Хохирогч Н.Ундрал бүсгүй тангараг өргөсөн цагдаагаараа хамгаалуулж чадсангүй ээ, энэ удаад. Тангараг нь тонгорог болж, хувь хүний нууц задруулсан цагдаагийн ажилтны балаг багахан л байгаасай.
Н.Ундрах бүсгүйн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон гэх гомдолд хамаарах хавтаст хэрэг олны өмнө ил болсон нь нэг л жишээ билээ. Дахин цаана нь нийтэд мэдэгдэхгүйгээр хохирогчийг хамгаалалтгүй, хүчирхийллийн орчинд нь энэ мэтээр орхисон, заналхийллийн бай болгосон хэчнээн баримт, жишээ бий бол. “Танай хөрш дуудлага, мэдээлэл өглөө. Та эхнэр хүүхдээ зодож энэ айлын амгалан тайван байдлыг алдагдуулжээ” хэмээн хохирогчийг болон тухайн бүс дэх хөрш айлыг эрсдэлд оруулдаг цагдаа олон бий. Гэтэл цагдаагийн үйл ажиллагаа нь бодлогын болон харилцааны өндөр төвшинд хүрчихсэн оронд ийм нэгэн дуудлага гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын шилдэгт яригддаг.
Нөхөртөө зодуулсан бүсгүй гэрийн утаснаасаа цагдаагийн газар руу залгаад “Пицца захиалах гэсэн юм” гэж хэлээд гэрийнхээ хаягийг өгснөөр эрсдэлт орчноос өөрийгөө төвөггүй хамгаалж, хуулийн туслалцаа авч чадсан байдаг. Гайхалтай биш гэж үү. Хэрэв Монголд ийм дуудлага ирвэл цагдаагийнхан мэдээллийг нягтлах гэж хаягийн дагуу очих болов уу. Тун эргэлзээтэй. Хувь хүний нууцыг чандлан хадгалж байх ёстой Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн лав “Дугаар андуурсан байна. Манайх “Пицца хат” биш. Монголын цагдаа” гээд шоолж инээсээр утсаа таслах байх даа гэх бодол эрхгүй төрөв.
М.Мөнхтунгалаг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ха ха үнэмшилтэй бичсэн бна шүү. Мангуу тэнэгүүдийг хуурч болох ч мань мэтийг хуурахгүй ээ. Мөнхтунгалаг аа мөнгөнд мөн чанараа хүн чанартайгаа худалдаад юу хожих вэ гэвэл нүгэл чинь нүдээр чинь онилж, хэрэг чинь хэлийг чинь гацааж үе удмаараа хар мөртэй зуурах үйл хүлээж бна да. Хамсаатан удирдагч Оюунчимэг гэдэг одоо УИХ дээр боорцог идээд сууж бгааг удахгүй тэрний булай нь ний даяар тархах болохыг сануулюу. Мөнгөнд мөнчгөрөө хөрөнгөнд хөрстөө сүнсээ арилжигсад бүгд үүнд хамаатай шүү.
СүндийББСБ мөнгө хүүлэлтийн тухай “ДУУЛИАНТ ХЭРЭГ” нэвтрүүлэг МАНамаас сонгуульд зориулж хийж байгаа юм шиг байна. Сүндий болоод тэдний гэр бүл тэнэг харагдсангүй. Ингэж ноцож буй МАН түүний бууны ноход болсон нэвтрүүлгийн эзэд л тэнэг харагдлаа. Сүндий ББСБ, Монгол банкнаас салбарласан өчнөөн ББСБ Ломбардуудын цаад эзэд нь МАН ба АНынхан, төрийн хуулийг уландаа гишгэж байгааг өөгшүүлэн дэмжиж нүдэн балай чихэн дүлий өнөөдрийг хүртэл явж ирсэн 30 жилийн УИХ, МУЗГ ЕӨКүүд буруутай. СүндийББСБууд Ломбардууд, ломбард шиг арилжааны банкуудаас иргэд олон түмнээ хамгаалах үүрэг нь төрд байгаа. УИХ, МУЗГ, ЕӨКүүд өөрийн хариуцлагаа бусад бүү тохож бас өөрсдийгөө гэмгүй мэт бүү рекламд!!!!!!!!!!!!!!! Хамгийн зэвүү нь манай засгийн газар арга хэмжээ аваад ард түмнээ авраад ачлаад байна гээд байгаа нь доромжлол юм. Засгийн газрыг залруулж чадахгүй, хүсэхгүй, хийхгүй гэдгийг мэдсээр атал бүү доромжил!!!!!!!!!!!!!!!