Канад улсын Торонтод 2018 онд гарсан хэргийг мэргэжилтнүүд анагаах ухааны талаас дахин судалжээ. Тус хотод бууны суманд оногдсон 30 настай эмэгтэй цээжиндээ буудуулсан ч амь нас нь аврагдсан байна. Эмэгтэйн хиймэл хөх сумны чигийг өөрчилснөөр түүний амь насыг аварсан гэж судлаачид Sage анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ онцолжээ.
Хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй ч цээжиндээ буудуулсан эмэгтэй эмнэлгийн хүлээх авах дээр өөрийн биеэр алхаж иржээ. Мөн суманд өртсөн тухайгаа ярьж эхлэхэд нь эмнэлгийн ажилтнууд нүдэндээ ч итгээгүй байна. Цээжиндээ буудуулж, хүнд шархадсан өвчтөн хэрхэн эрүүл саруул хүн шиг алхаж, ярьж байгаа нь гайхшрал төрүүлжээ.
Түүнийг үзсэн эмчийн ярьснаар сум зүүн хөхийг нь оносон ч баруун хавирга нь хугарсан байжээ. Сум эхлээд цээжний зүүн талын арьсан доор нэвтэрч, зүүн талын хиймэл хөхөн дээр ойж, баруун хөх рүү чиглэж улмаар хавиргыг нь хугалжээ. Тиймээс хиймэл хөх сумны чиг, эрчийг сааруулсан гэж үзсэн байна. Эмэгтэйн хавирга, хиймэл хөх гэмтсэнээс бусдаар амь насанд нь аюултай шарх үүсээгүй ажээ.
Хэрэв сум цээжний зүүн хэсэгт нэвтэрсэн бол зүрх, уушгийг онож илүү хүнд шархдаж магадгүй амь насаа ч алдаж болох байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.