АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн тархалтаас улбаалж цагаачлалыг түр зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурахаа мэдэгджээ. Түүний Твиттер хуудсандаа жиргэснээр үл үзэгдэх коронавирус гэх дайснаас америкчуудыг, тэдний ажлын байрыг хамгаалах хэрэгтэй байна хэмээн тайлбарлажээ.
Гаднаас ирэх цагаачлалын урсгалыг түр хугацаанд зогсоосноор цар тахлаас болж ажил, бизнесээ алдаж буй иргэдэд тустай гэж үзэж байна. Гэвч шүүмжлэгчид Америкийн Засгийн газар цар тахлыг далимдуулж цагаачдаас салах бодлого баримталж байна хэмээн буруутгажээ.
Сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд Нэгдсэн улсын 20 сая иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэдгээ баталсан байна. Тус улс коронавирусийн халдварын дэлхийн хамгийн том голомт хэвээр бөгөөд нийт 800,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 40,000 гаруй иргэн нас баржээ.
Эх сурвалжуудийн мэдээлснээр Ерөнхийлөгч Трампын шийдвэр цагаачлалын аль хөтөлбөрт нөлөөлөх нь тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн сард Засгийн газар бараг бүх төрлийн виз олгох үйл ажиллагааг түр зогсоосон. Хөрш Мексик, Канад улсуудтай тавдугаар сарын дунд хүртэл онц шаардлагагүй тохиолдолд иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх тохиролцоонд хүрсэн. Мөн халдварын тархалт өндөр Европын орнууд, Хятадаас түр ажиллах, оюутны, бизнесийн зориулалттай визтэй иргэдээс бусад тохиолдолд гадны иргэн хүлээж авахаас татгалзсан билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.