БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хөл хориотой холбоотой боловсролын салбарт үүссэн асуудлууд, эцэг, эхчүүд, сургуулиудаас тавьж байгаа саналуудын талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Гарсан шийдвэрийг талаарх онцлох мэдээллийг хүргэе.
-Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар дэлхийн 192 улс сургууль, цэцэрлэгээ бүхэн хаагаад байна. Нэлээдгүй орон хэсэгчлэн хаасан. 1.7 тэрбум сурагч танхимаар бус, цахимаар хичээллэж байна. Энэ нь нийт суралцагсдын 91,3 хувь юм.
-Манай улс есдүгээр сарын 1 хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хойшлуулсан. Төгсөгчдөөс авдаг монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил өнжинө.
-Теле хичээлийг зургадугаар сарын 1 гэхэд дуусгавар болгоно. Теле хичээлийг эцэг, эхчүүдийн зарим нь чанаргүй зааж байгаа талаар гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй. Ер нь, эцэг, эхчүүд, сурагчдын хамтын хүчээр энэ бүхнийг даван туулах ёстой.
-4,5 дугаар саруудад багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулна. Энэ сургалтад 4,500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1,800 багш хамрагдаад байна.
-Нийт сурагцагчдыг 100 хувь анги дэвшүүлнэ. Хоёрдугаар улирлын дүнгээр жилийн эцсийн дүнг тооцож гаргана.
-12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан.
-Сурагчдаас авсан эд зүйлсийг 4 сардаа багтаан буцааж олго. Дотуур байрны сурагчдын эд зүйлсийг 5 сарын 15-ны дотор олго гэдэг чиглэлийг өгсөн.
-Энэ жил сургааль, цэцэрлэгт засвар хийхгүй. Анги засварын мөнгө эцэг, эхчүүдээс авахгүй.
-2020-2021 оны ЭЕШ-ын босго оноог төрийн их, дээд сургуулиудад 480 байхаар тогтоосон.
-Өмнө нь төгсөгчдийн дипломыг наймдугаар сарын 15 гэхэд олго гэж ярьсан. Үүнийг наашлуулж, 6 сарын 15-нд олгох салбарын сайдын тушаал гарсан. Эцэг, эхчүүд болон сургуулийн удирдлагуудаас санал ирсний дүнд ингэж өөрчиллөө.
-2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
-Энэ жил хонхны баярыг тэмдэглэхгүй. Хүмүүс бөөгнөрүүлэхгүй байх дээр сургуулийн удирдлагууд анхаарах шаардлагатай.
-Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.
-Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулт мөнгө хураахгүй.
-Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.