АНУ-ын тагнуулын албаны мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хагалгаанд орж, биеийн байдал нь тун хүнд байгаа гэжээ.
Удирдагч Ким энэ сарын 15-ны өдөр Умард Солонгосыг үүсгэн байгуулагч өвөө Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тэмдэглэлгүй өнгөрсөн байна. Үүний дараагаас залуу Кимийн бие, эрүүл мэндийн талаар цуу яриа гарч эхэлжээ.
Тэрээр Засгийн газрын уулзалтаас дөрөв хоногийн өмнө л олон нийтийн өмнө гарсан байна. Эх сурвалж энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн департаменттай холбогдохоор оролдож байна.
Өмнөд Солонгос улсын эх сурвалжууд залуу удирдагчийг зүрхний хагалгаанд орсон гэж мэдээлж байгаа бөгөөд тэрээр Кумган уулан дахь хувийн сууцдаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэн амарч байгаа ажээ. Daily NK сайтад нийтэлснээр 36 настай удирдагч энэ сарын 12-ны өдөр зүүн нутгийн Хянсан хотын эмнэлэгт хагалгаанд орсон байна.
Умард Солонгос улс агуу удирдагчдынхаа талаарх мэдээ мэдээлэлд ихээхэн анхаарал тавьж, хатуу хараа хяналттай байдаг ба удирдагч олон нийтийн өмнө гаралгүй удах, улс төрийн арга хэмжээнд харагдахгүй байх нь эрүүл мэндийнх нь талаар цуу яриа гарах шалтгаан болдог.
Ким Ир Сений мэндэлсэн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр бол улсын түүхэнд хамгийн чухал өдөр тул өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэтэл Ким Жон Ун хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 11-ний өдөр төрийн мэдлийн сувгаар олон нийтийн өмнө гарсан байна. Түүнчлэн энэ өдөрт зориулан ямар нэг мэдэгдэл хийгээгүй ажээ.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2008 онд Умард Солонгос улс үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг угтсан баярын жагсаалд удирдагч Ким Чен Ир оролцоогүй. Үүний дараа түүний эрүүл мэндийн талаар цуу яриа гарч байсан нь биеллээ олж цус харвасан тухай мэдээлж, биеийн байдал нь дордсоор 2011 онд таалал төгссөн билээ.
Энэ явдлын дараа 2014 онд Ким Жон Ун удаан хугацаанд олон нийтийн өмнө гараагүй учир мөн л эрүүл мэндийнх нь талаар цуу яриа тархсан. Тэрээр сар гаруйн дараа гарч ирэхдээ спорт таяг тулсан байсан бөгөөд Өмнөд Солонгосын тагнуулын албанаас удирдагчийг шагайндаа мэс ажилбар хийлгэсэн тухай мэдээлж байсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.