Саудын Араб улс өнгөрөгч 2019 онд нийт 184 хүнд цаазын ял гүйцэтгэсэн гэж Эмнести Интернэйшнл олон улсын хүний эрхийн байгууллагаас мэдэгджээ. Энэ нь тус улсад жилийн хугацаанд хамгийн олон хүн цаазаар авсан тохиолдол гэж эх сурвалж онцолсон байна.
Түүнчлэн Ирак улсад ч мөн өгөрсөн жил цаазын ял хоёр дахин нэмэгдэж 100 орчим хүнийг цаазаар авчээ. Харин дэлхийн хэмжээнд цаазын ялын гүйцэтгэл 2018 оноос таван хувиар буурч 657 хүн цаазаар авахуулсан байна.
Эмнести Интернэйшнл байгууллагаас уг судалгаанд БНХАУ-ыг оруулаагүй гэдгээ мэдэгджээ. Тус улсад жилд хэдэн мянган иргэнд цаазын ял гүйцэтгэдэг хэмээн таамаглаж байгаа юм. Хятадаас гадна Иран, Умард Солонгос, Вьетнам зэрэг улсууд бодит мэдээллээ нуун дарагдуулж байгаа гэжээ.
Саудын Араб улсад өнгөрсөн жил цаазаар авахуулсан хүмүүсийн 178 нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй бөгөөд тэн хагас нь гадны иргэд ажээ. Цаазын ял авсан иргэдийн дийлэнх нь хууль бус мансууруулах бодис, хүн амины гэмт хэрэгт холбогдсон байна. Нөгөө талаар тус улсад цаазын ялыг хэрэгжүүлэх нь шийт урсгалын шашинтнуудын эсрэг тэмцэх улс төрийн арга барил байж болох юм.
Дашрамд дурдахад дэлхийн 106 улсад цаазын ялыг бүх төрлийн гэмт хэрэгт хуулиар хүчингүй болгожээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.