Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ханхүү, Эдинбургийн гүн Филип улс орон даяар коронавирусийн тархалттай тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд төдийгүй сайн дурынханд гүн талархал илэрхийлэн зурвас илгээжээ.
Тус улсад коронавирусийн халдварын 125,000 орчим тохиолдол илэрч, 16,500 хүн нас бараад байна.
Энэ жил 98 насыг зооглож буй ханхүү Филип олон нийтийн үйл ажиллагаа арга хэмжээнээс татгалзаад удаж байгаа юм. Тэрээр ард иргэдэд хандан мэдэгдэл хийх нь тун ховор тохиолдол ажээ.
Филип “бид бүгдийг Ковид-19 цар тахлаас хамгаалахын тулд нягт хамтран ажиллаж буй судалгааны хүрээлэн, их сургууль, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн шуурхай, амин чухал ажлыг танилцуулахыг хүссэн юм. Гэртээ, аюулгүй байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс та бидний амь насыг аврахаар ажиллаж буй хоол хүнс хүргэлт, шуудан, тээвэр, хог хаягдал хотын гудамж цэвэрлэж буй ажилтнууд, сайн дурынханд талархал илэрхийлэхийг хүсч байна” гэжээ.
Өнөөдөр буюу мягмар гарагт хатан хаан хоёрдугаар Элизабетийн 94 насны төрсөн өдөр тохиож байгаа ч 68 жилийн хугацаанд анх удаа тэмдэглэж, уламжлал ёсоор хүндэтгэл ёслолын буудлага хийхгүй. Хатан хаан ханхүү Филипийн хамт Виндсор шилтгээнд байгаа юм.
Коронавирусийн тархалтаас сэргийлж хөл хорио тогтоосонтой холбогдуулан Элизабет хатан төрсөн өдрийн баяраа олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан тэмдэглэх гэж байна. Гэр бүлийн гишүүдтэйгээ утсаар ярьж, цахим дуудлагаар холбогдож баяраа тэмдэглэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.