Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдварыг хагас цагийн дотор илрүүлэх оношлуурыг туршин хөгжүүлэхийг оролдож байна. Энэ бол аль болох богино хугацаанд вирусийн халдварыг бодитоор илрүүлэх туршилтуудын нэг юм.
Мөн Норвич судалгааны хүрээлэнгээс дээрхтэй ижил аргаар, гэхдээ илүү богино хугацаанд коронавирус илрүүлэх оношлуурыг гаргаж авахаар судалж, туршиж эхэлсэн байна.
Харин Эксетер их сургууль зөвхөн вирус илрүүлэх бус урьд өмнө халдварлаж эсэргүүцэл тогтсон эсэхийг ч мөн илрүүлэх хүчин чадалтай олон талт оношлуурыг хөгжүүлж байгаа ажээ. Түүнчлэн уг сургуулийн эрдэмтэд Лондон дахь Гэгээн Томасын эмнэлэг дэх туршилт амжилттай болбол өвчтөнүүдэд шинжилгээний хариуг нь таван минутын дотор л өгөхөөр шаргуу ажиллаж байна.
Одоогоор коронавирусээр дэлхийн 2,5 сая хүн халдварлаж, 170,000 орчим хүн нас баржээ. Европын орнуудад үргэлжлүүлэн хорио цээрийн дэглэмээ суллаж байна. Тухайлбал шинэ долоо хоногийн эхэнд Герман улсад зарим дэлгүүр, худалдааны газруудыг нээсэн бол Норвеги улсад хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа явж эхэлжээ. Харин Польш улсад ой, цэцэрлэгт хүрээлэнгийн замуудыг нээж, Дани улсад сургуулиуд, үсчний газар, шүдний эмнэлэг, шивээсний газрууд ажиллах болсон байна.
Испани улсад хоногт 410 хүн нас барсан нь сарын дотор хамгийн бага үзүүлэлт болов. Үүнтэй зэрэгцэн Австрали, Шинэ Зеланд улсууд ч мөн хорио цээрээ суллахаар болж байна. Сидней хотод аялал жуулчлалын төв болсон далайн эргүүдийг нээжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.